sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангуудын зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу зохих шалгалтыг явуулж байна. Түүнчлэн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаан  дээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбогдсон гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж, Ерөнхий сайд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээ хамгаалж байна гэж мэдэгдсэнийг албан ёсоор няцааж байна.

 Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр