sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч, Олон Улсын Хамтын Ажиллагаа, Хөгжлийн асуудал эрхэлсэн Европын Комиссын гишүүн ноён Нэвен Мимица 11 дугаар сарын 11-13-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр  Монгол Улсын төр, засгийн удирдах албан тушаалтнуудтай уулзсан бөгөөд  ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн зохистой удирдлагыг дэмжих зорилгоор буцалтгүй тусламж хэлбэрээр олгох төсвийн дэмжлэгийн талаар санал солилцсон юм. Мөн Европын Холбооны Төлөөлөгчийн газар буюу Элчин Сайдын Яамны албан ёсны нээлтэд оролцлоо. Энэхүү айлчлал нь Европын Холбооны зүгээс Монгол Улсын ардчилал, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж байгаагийн илэрхийлэл юм.
Европын Комиссын гишүүн Мимица хэлэхдээ, "Европын Холбоо нь Монгол Улсыг бүрэн дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч энэхүү дэмжлэг нь хэвээр байх болно. Энэхүү айлчлал нь Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хүртээмжийг улам бодитой болгох, Монгол улсын хөгжилд хувь нэмэр болохуйц боломжуудыг нээх гарц болох юм. Монгол Улсад олгохоор төлөвлөж буй төсвийн дэмжлэг нь мэргэжлийн боловсролыг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, төсвийн зохистой удирдлагыг бэхжүүлэх зорилготой бөгөөд Монголын эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй олон төслийн үргэлжлэл байх болно" гэв.
Европын Холбооны төсвийн дэмжлэг нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд төрийн санхүүгийн удирдлага тэр дундаа төсвийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллаж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нартай ажил хэргийн уулзалт хийж, 2019 онд олгохоор төлөвлөж буй төсвийн дэмжлэгийн талаар санал солилцов.
2017 оны 11 дүгээр  сард Түншлэл, хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр болж улмаар Европын Холбооны дипломат Төлөөлөгчийн Газар буюу Элчин Сайдын Яамыг Улаанбаатар хотноо албан ёсоор нээж, Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин Сайдаар ноён Траян Лауренцию Христэа 2018 оны эхээр томилогдсоноор талуудын хамтын ажиллагаа улам бэхжсэн билээ.
Түншлэл, хамтын ажиллагааны гэрээ нь олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндэс юм. Тухайлбал гэрээний хүрээнд худалдаа, хөгжлийн хамтын ажиллагаа, хөдөөгийн хөгжил, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, судалгаа шинжилгээ, инноваци, боловсрол, соёл зэрэг салбарт хамтран ажиллана.
Монгол Улс Хөнгөлөлтийн Ерөнхий Систем /GSP+/-д 2014 оны 1 дүгээр сараас хамарсан бөгөөд бараа бүтээгдэхүүнээ Европын зах зээлд татваргүй нийлүүлэх, импортыг 13 хувиар нэмэгдүүлсэн үр дүн гарчээ. Цаашид Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын худалдааг дэмжих” (TРАМ) төслийн хүрээнд гадаад худалдааг төрөлжүүлэх замаар Монголын бараа бүтээгдэхүүнийг бүс нутгийн болон Олон улсын зах зээлд амжилттай гарахад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
2014-2020 онд Монгол Улсад үзүүлэх ЕХ-ны хөгжлийн хамтын ажиллагааны санхүүжилт 2011-2013 оны санхүүжилтээс хоёр дахин нэмэгдсэн бөгөөд тэгш, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих төсвийн удирдлагыг сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх гэсэн хоёр үндсэн чиглэлд төвлөрч байна.
 
 
Д.Догсом
Эх сурвалж: Монцамэ агентлаг