sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Удирдагч Ким Жөн Ун нь өнгөрсөн зун АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаны дараа ч гэсэн БНАСАУ цөмийн пуужингуудаа боловсронгуй болгох ажлаа үргэлжлүүлсээр байна. “Yonhap” агентлагийн мэдээлж буйгаар, энэ тухай Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчид лхагва гарагт парламентын гишүүдэд зориулсан хаалттай хуралдааны үеэр мэдээлжээ.
“Умард Солонгос-Америкийн дээд хэмжээний уулзалтын дараа БНАСАУ цөмийн болон пуужингийн салбарт хийж буй судалгаагаа үргэлжлүүлж байна” гэж гишүүдийн нэг нь хэлснийг “Yonhap” агентлаг уламжилсан байна. Түүний хэлснээр, Пхеньян цөмийн цэнэгт хошуугаа жижигрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Хууль тогтоогч мөн Өмнөд Солонгосын тусгай алба БНАСАУ-ын пуужингуудын объектуудыг анхааралтай ажиглаж байгаа боловч одоогоор ямар нэг онцгой зүйл ажиглагдаагүй гэдгийг мэдээлжээ. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн үйл ажиллагаатай холбоотой тагнуулын мэдээллийг Сөүл, Вашингтон хэвийн солилцож байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар зургадугаар сарын 12-нд Сингапурт уулзахдаа хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичигт Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол Вашингтон хариуд нь аюулгүй байдлын баталгаа олгосон юм. Гэвч талууд ямар ч хугацаа товлоогүй бөгөөд дараагийн хэлэлцээгээр товлох ёстой. Ирэх оны эхээр Ким Жөн Унтай уулзахаар төлөвлөж байна гэж Трамп 11 дүгээр сарын 7-нд Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг