sonin.mn
Жижиг дундын асуудал том дайн дэгдээлээ. Одоогоор үүнээс шууд болон дам хамаарлаар Б.Батзориг сайдын суудлаас, Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас мултарлаа.
Энэ дайн дуусах болоогүй. Жижиг дундын зээлээс хамаагүй том хэргүүд ар араасаа цуварна гэж эх сурвалжууд мэдэгдэж байна.
Ер нь бол энэ дайн эрх баригч МАН-ын энэ цаг үеийн хоёр лидер болох У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр дээр хаяглагдаад байгаа болохоос хөшигний ард МАН-ын дарга байсан хүмүүс, АН-ынхан, тэр бүү хэл, төрийн томоохон институци албан бусаар оролцчихсон тууж явна гэдэг мэдээлэл бий. Энэ  нь ч бараг ил байгаа юм. Тэд өөрсдийгөө нуухгүй байна гэсэн үг л дээ.
Жижиг дундын зээл, АСЕМ-ын асуудал, УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн шаардлага гээд олон дуулиан давхцаж байна. Гэхдээ эднийг Засгийн газрыг огцруулахаар Төрийн ордонд гарын үсэг цуглуулан “аялж” буй Д.Хаянхярваа гишүүний бланктай бичиг хэсэгтээ нам дарах шинжтэй байна.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч магадгүй нөхцөл үүссэн. Галт тэрэг хөдөлсөн. Гэхдээ зорьсон газраа хүрэх эсэхийг бүү мэд. Юутай ч У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр түмний нүдэн дээр заамдалцаад авлаа. Баргийн юманд хөдлөөд байдаггүй УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр Ерөнхий аудиторыг дуудаж, ажлаа өгөхийг шаардсан нь У.Хүрэлсүхтэй нэгийгээ үзэхээр шийдсэний илрэл гэж ажиглагчид харж байна.
Энэ сацуу У.Хүрэлсүхийн хүрч чадахгүй байгаа ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой нөхдийг шалгуулахаар иргэдийн сайн дурын нэгдлүүд Үндсэн хуулийн цэц, АТГ-т хандаад эхэллээ. Хэрвээ У.Хүрэлсүх хөдлөхгүй бол энэ давалгаа түүнийг ч аваад хаячихаж мэдэхээр болсон. Гэвч яг нарийндаа У.Хүрэлсүх ЖДҮХС-гийн зээл авсан гишүүд, сайд нараа “цавчина” гэвэл өөрөө ганцаараа үлдчих магадлал маш өндөр байгаа юм. Учир нь Засгийн газар, хуучин 33-ын бүлгээс энэ зээлтэй холбоогүй хүн бараг үлдээгүй.
Зарим нэг нь У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулган дээрээс хэлсэн үгнээс айж, 2020 онд нэр дэвшихээ бодоод “…Жижиг дундын зээлтэй, ер нь Тусгай сантай огт холбоогүй” гэж хүртэл мэдэгдэл хийж байна. Ингэж мэдэгдсэн гишүүд холбоотойгийн цаагуур холбоотой байгаа юм. Тухайлбал БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бол Жижиг дундын сан, Тариалан эрхлэлтийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудтай яаж ийгээд холбогддог хүн.
Шуудхан хэлэхэд Б.Батзориг явчихаад байхад Н.Цэрэнбат Засгийн газарт суугаад үлдэнэ гэж яагаад ч байж болохгүй. Энэ хоёр хүн элэг дэлүү гэдэг шиг л холбоотой. Өөрсдөө бол мэлзэнэ. Мэлзэж, гүрийх нь бол ойлгомжтой.
Энэ байна гээд улаан нүүрэн дээр нь баримт гаргаж харуулахгүй л бол гүрийдэг нөхдүүд байгаа юм. Н.Цэрэнбат ч тэр жишгээр гүрийнэ лээ.
Н.Цэрэнбатын АТГ-т мэдүүлсэн 2015, 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт “Булган буудайн түрүү” ХХК-ийг эзэмшдэг гэж бичигдсэн байдаг. Гэтэл мань эр энэ компаниа аль эрт зарчихсан гэж зурагт радиогоор ярьж сууна. УИХ-ын гишүүн, төрийн сайд болно гэдэг чинь аль компаниа яаснаа АТГ-т мэдүүлэх ёстой юм шүү дээ. АТГ энэ компанийг Н.Цэрэнбатынх гэсэн болохоор Н.Цэрэнбатад байгаа л гэсэн үг.
Маш анхааралтай уншаарай. Одоо эндээс их сонин холбоосууд гарч ирнэ. Жижиг дундын санг “алтан загас” шиг тараасан Б.Батзоригийг энэ сүлжээний цөм гэж үзье. Тэгвэл түүнтэй хамгийн ойр “хиймэл дагуул” болох гурван хүний нэр шууд гарч ирж байна.
 
Холбоос 1. Н.Цэрэнбат сайдын “Булган буудайн түрүү” ХХК нь Тариалан эрхлэлтийн сангийн “түнш”, олон жил буудай нийлүүлсэн байдаг.
Холбоос 2.  “Булган буудайн түрүү” компанийг Н.Цэрэнбаттай хамтран эзэмшигч Ш.Мөнхбаяр гэж хүн бий. Тэгвэл Ш.Мөнхбаярын нэр дээр байдаг “Наму дэвжих” ХХК нь Б.Батзоригтой холбоотой байх баримтууд гарч ирсэн. Тухайлбал, “Наму дэвжих” ХХК нь Б.Батзоригийн “Тээвэр ачлал” компанийн байранд байдаг. Бас 2011 онд Б.Батзоригийн Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа хийсэн томоохон ажлуудын нэг болох “Эвтэй дөрвөн амьтан” цогцолборыг энэхүү “Наму дэвжих” барьсан байдаг юм.
Холбоос 3. Б.Бат­зоригийн найз Д.Баярсайхан гэж УБЦТС ХК-ийн захирал бий. Тэр хүн “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори” ХХК, “Эм Эм Жи капитал” ХХК-иудаараа ЖДҮХС-гаас 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна. Тэгвэл дээрх “Наму дэвжих” нь УБЦТС ХК-ийн олон тендерийн “ялагч” болсон байгаа юм.
Холбоос 4. Б.Бат­зоригийн ЖДҮХС-гаас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан “Тээвэр ачлал” компанийн угшил бүр сонирхолтой. Энэ компанийг Хөдөө аж ахуйн сайд байсан Т.Бадамжунай 2006 онд УИХ-ын гишүүн байхдаа эзэмшиж байсан баримт байна. Т.Бадамжунай 2006 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тус компанийн 2150521 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж мэдүүлж байжээ.
Ер нь бол Б.Батзориг, Т.Бадамжунай хоёр эрт­нээс холбоотой бай­сан мэдээлэл олон бий. Өөрөөр хэлбэл, Б.Батзориг саяхныг болтол Хотын фракцад харьяалагдаж, Т.Бадам­жунайн тусламж дэмжлэ­гээр явдаг байсан гэдэг юм. Кёкүшюзан Д.Батбаяр 1999 онд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ыг байгуулж, Б.Батзориг тэр сангийнх нь захирлаар ажилладаг байсан.
Тус ТББ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2001 оны дөрөвдүгээр сарын 24-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, залуу гэр бүл, төрийн албан хаагчдын орон сууцаар хангах 1000 айлын орон сууцны цогцолбор босгох төслийг хэрэгжүүлжээ. Уг гэрээнд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Батзориг, Хотын ерөнхий менежер Т.Бадамжунай нар гарын үсгээ зурж байсан.
“Кёкүшюзан хөгжил сан” ТББ дээрх гэрээний хүрээнд 2001-2005 оны хооронд 550 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан ба тэдгээр орон сууцаа борлуулж, 2002 онд 1.3 тэрбум, 2003 онд 5.01 тэрбум, 2004 онд 2.5 тэрбум нийт 8.9 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Гэвч НӨАТ-ын тат­вараас бултсан. Уг үйлд­лийг ҮТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн улсын байцаагч Д.Батбилэг, Х.Алтангэрэл нар шалгаж, 2005 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 300591 ду­гаарт актаар 711.2 сая төгрөгийн татварыг “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-д ногдуулсан байна. Яваандаа энэ асуудал нь бүдгэрч алга болсон тухай хэвлэлүүд нэлээд бичиж байсан юм. Харин саяхнаас Б.Батзориг 33-ын бүлгийг дагаж, засагт нь сайд болж орсноор Т.Бадамжунай нараас “өрх тусгаарласан” гэх юм билээ.
Харамсалтай нь давхиж орсон 33-ын бүлгээ Жижиг дундынхан гэдэг нэртэй болгоод, өөрөө улс төрөөс зодог тайлав бололтой. Гэвч Б.Батзориг бие дааж ийм шийдвэрүүдийг гаргах боломжгүй гэсэн яриа хөөрөө их байна.
Ингээд ухаад байвал ЖДҮХС, ТЭДС мэтийн тусгай сан тойрсон хамсаатнуудын холбоос улам тодорно. Нэг үгээр тэдний уулздаг цэг нь Тусгай сан юм. Гэвч ийм хамааралтай гэдгээ тэд огт хүлээн зөвшөөрдөггүй. “…Мэдэхгүй” л гэнэ. Учир нь тэд хамаарлаа “мэддэггүй” хамсаатнууд билээ.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин