sonin.mn
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
 
-Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байна. Танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Өнөөдрийн төр засагт авлига, аллага, хулгай гурав нүүрлэчихлээ. Тийм учраас Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагатай гэсэн байр суурийг манай бүлэг удаа дараа УИХ дарга, Засгийн газарт илэрхийлсэн. Сүүлийн үед өрнөж байгаа МАН-ын дотоод асуудалд Ардчилсан нам оролцохгүй байгаа. Учир нь эрх баригчдын дотоод асуудал хямралын цэгтээ хүрэхээс өмнө бид өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Энэ байр суурь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа гэж ойлгож болно. Дараагийн анхаарал татаж байгаа сэдэв УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагаа 60 тэрбумын асуудлаар тавьсан бидний шаардлага ч мөн хэвээр байгаа.
Төр засгийн үйл ажиллагаа болохоо больчихлоо, шударга бус үйлдлүүд хэрээс хэтэрчихлээ нэг тийш нь шийдэх ёстой гэсэн ард түмний шаардлагатай манай бүлгийн шаардлага нийцэж байгаа учраас бүлгийнхээ хурлыг яаран хийгээд байх шаардлага байхгүй. Ер нь бидний шаардлага хэвээрээ гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
-Засгийн газрыг огцруулахаар 26 гишүүн гарын үсэг зурсан байна гэсэн. Та мэдсэн үү. Ямар мэдээлэлтэй байна вэ?
 
-Засгийн газраа хэрхэх асуудлаа яах нь эрх баригчдын асуудал. Тэнд хэдэн хүн яаж гарын үсэг зурсан нь чухал биш. Хамгийн гол нь хариуцлага тооцох нь л чухал. Өмнө нь хэлж байсан үгээ дахиад нэг хэлье. 2016 оны сонгуулиар өнөөдрийн эрх баригчдад үнэмлэхүй олонхын саналыг ард түмэн итгэж өгсөн. Энэ итгэл мөхөж байгаа нь тун харамсалтай.
Монгол Улсын хувь заяа эрх баригчдын гарт байна гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Парламентын тогтолцоо ардчилсан монгол улсыг авч явах уу, нэг эсвэл хаантай болох уу, бүүр коммунизм руугаа буцаж орох уу гэдэг асуудалд сөрөг хүчний есөн гишүүн шийдэхгүй. Үүнийг үнэмлэхүй олонх эрх баригчид шийднэ.
 
-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай бичиг хүргүүлсэн. Ер нь УИХ-ыг гарах нь зөв юм уу?
 
-Ардчилсан Монгол Улсад оносон алдсан олон зүйл бий. Хүний эрх, эрх чөлөө, та бидний ярилцаад сууж байгаа ч гэсэн асар том эрх чөлөө юм. Энэ бол Ардчилсан Монгол Улс. Тийм учраас Ардчилсан нам өөрсдийнхөө бүтээсэн үнэт зүйлсийг өөрийнхөө гараар устгана гэж байхгүй. Харин УИХ тарахдаа тулах юм бол өөрөө тарах ёстой. Үндсэн хуулийнхаа хүрээнд.
Түүнээс биш гадны шахалтаар ч юм уу хэн нэгний тушаал заавраар төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага замбараагүй байдал руу орж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд бид цаашид ажиллаж чадахаа болилоо гээд гарын үсгээ зураад Үндсэн хуулийн өөрөө тарах заалтын дагуу тарна гэж шийдэх юм бол бид тэр талд нь байна.
 
-Хэрэв Засгийн газар огцроод танай намтай хамтарсан Засаг байгуулах санал тавьбал?
 
-Тийм юм байхгүй ээ. Есөн гишүүнтэй бүлэг хамтарна гэж юу байхав. Нэгэнт ачаагаа үүрсэн бол барианд хүртлээ үүрч явах эсэхээ эрх баригчид өөрсдөө л шийд.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин