sonin.mn
Хэдийгээр Хятад улс дэлхийн хэмжээнд идэвхтэй бодлого өрнүүлж байгаа ч гэсэн бүс нутаг дахь ашиг сонирхол, тэр дотроо Зүүн өмнөд Ази дахь улс төр, эдийн засгийн бодлого нь ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. АСЕАН, түүний гишүүн 10 улстай харилцах явдал нь Хятадын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг юм. Манай улсын хувьд эдгээр улсаас Хятадтай харилцаж байгаа арга барилыг анхааралтай судалж туршлага, сургамжаас суралцах нь ашигтай байж болох юм. Зүүн өмнөд Ази нь Хятадын хувьд өмнөд хил дагуу аюулгүй, хянаж болохуйц зөөлөвч бүсийн байдлаар ойлгогддог. Ер нь Зүүн өмнөд Ази дахь Хятадын байр суурь бат бэх байгаа. Энэ бүс нутгийн орнуудтай харилцахдаа харилцан ашигтай байх прагматик зарчимд тулгуурладаг нь худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд идэвхтэй хамтарч ажиллаж байгаагаас харагддаг. Хятадын талыг баримталдаг элитийг бий болгох зорилготой соёл хүмүүнлэгийн гүн гүнзгий харилцаа тогтоод байна. Энэ бол зөвхөн эерэг тал нь. Судлаачдын үзэж байгаагаар бүс нутгийн улс орнууд сүүлийн үед Хятадын нөлөөнөөс болгоомжлох, хараат байдалд орчихгүй байх бодлогыг баримтлах болсон. Эдийн засаг, цэргийн чадавхын өсөлт, Хятадын үндсэрхэг үзэл зэрэг нь ийнхүү болгоомжлолд хүргэж байгаа. Мөн Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан, АНУ-ын засаг захиргааны "Ази, Номхон далай руу эргэх шинэ стратеги" байдлыг улам даамжруулсан үйл явдал болж байна. Үүний улмаас Хятадад нэтдүгээрт үндэсний ашиг сонирхлоо хамгаалах, хоёрдугаарт АСЕАН-ьг түншүүдтэй найрсаг дотно харилцааг хадгалах гэсэн хоёр хүндхэн зам үлдэж байна. 
 
Хятадуудын түүхийн үзэл бодлоор Зүүн өмнөд Ази нь үргэлж Хятадын ашиг сонирхлын бүсэд багтсаар ирсэн. Эртнээс бүс нутгмйн улс орнууд Хятадтай эзэн дээдэс-хараат улсын харилцаатай байсаар ирсэн түүх бий. Барууныхан энэ харилцааг хил дагуу алба төлдөг, тайван, жийргэвч бүстэй болох гэсэн Хятадын уламжлалт бодлогын илрэл гэж тайлбарладаг. XIX зууны колонийн бодлого, 1920-1949 оны хооронд дэгдсэн дайн, дотоодын самуунаас болоод Хятадын нөлөө түр зуур буурсан тал бий. Хятадууд 1990-ээд оны үед Зүүн өмнөд Азийн бүх улстай харилцаагаа сэргээгээд 2000 оны эхээр урт хугацаагаар бэхжүүлэх үндэс суурийг бүрдүүлсэн. Улмаар 2003 онд АСЕАН-тай түншлэлийн харилцааг тогтоож байсан. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцяны хэлж байгаагаар бүхэл бүтэн байгууллагатай ингэж түншлэлийн харилцаа тогтоох нь Хятадын гадаад бодлогын түүхэнд байгаагүй аж. Зүүн өмнөд Ази нь Хятадын хувьд ямар чухал чиглэл вэ гэдгийг эндээс харж болно.
Хятадын бодлогыг Зүүн өмнөд Азид гол эсэргүүцэгч, өрсөлдөгч нь АНУ гэж судлаачид үздэг. Ерөнхийлөгч Д.Трамп Бүгд найрамдах намын төлөөлөл болж Америкийн улс төрд гарч ирсэн. Ерөнхийлөгч асан Б.Обама тэргүүтэй Ардчилсан намын үед Америкийн стратеги тодорхойлогдсоныг хэлэх хэрэгтэй. Тиймээс Ли Кэцяны хэлснээр АСЕАН-тай "алтан 10 жил"-ийг үргэлжлүүлж чадах эсэх нь Хятадуудын хувьд тийм ч амархан хэрэг биш болоод байна. Хятадууд АСЕАН-Хятадын 16дугаар чуулганаар АСЕАН-ы орнуудтай дунд хугацаанд дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зарласан.
1. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт яриа, хэлэлцээг гүнзгийрүүлэх;
2. худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх;
3. харилцан хамаарлыг нэмэгдүүлэх;
4. далай, тэнгис дэх харилцааг нягтруулах;
5.санхүү, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллах.
Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах нь 2 талын харилцааны прагматик үзэл дээр суурилж байна. Эдийн засгийн хувьд өсч байгаа Хятад нь бүс нутгийн орнуудын сонирхлыг татдаг. Тиймээс аюул гэхээсээ илүү бүс нутгийн орнуудын хөгжилд эергээр нөлөөлж байгаа ашигтай зах зээл гэж харах явдал түгээмэл байна. Ялангуяа Филиппин, Тайландын жишээн дээр энэ нь тодорхой харагддаг. АСЕАН бол Хятадын бараа, үйлчилгээний 3 дахь том зах зээл юм. Хоёр тал худалдааны эргэлтийп 2020 он гэхэд 1 их наяд долларт хүргэхээр төлөвлөж байгаа.
 
Энэ харилцаанд Хятадын цагаачид асар их нөлөө үзүүлж байна. Хятадын төрийн бодлого цагаачдыг дэмжих, тэдний тусламж, дэмжлэгийг авахад чиглэж ирсэн. Зүүн өмнөд Азийн улсуудад хятад цагаачид эдийн засгийн үйл явцын идэвхтэй оролцогч болж байна. "Вamboo network" хэмээх Сингапур, Индонези, Малайз, Тайланд, Вьетнам, Фипиппиний цагаач хятадуудын бизнесийг Хятад, Сянган, Макао, Тайванийн бизнесийн салбартай нэгтгэдэг сүлжээ байдаг.
2010 оноос ажиллаж эхэлсэн чөлөөт худалдааны бүс хоёр талын харилцаанд эергээр нөлөөлж байна. Хятадын тал бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншлэлийг санаачилж Америкийн Номхон далайн бодлогыг сөргүүлэх арга хэрэглэж байна. Аль нэг түншийг сонгох шаардлагатай болж байгаа ч гэсэн аль алинд нь тал алдахгүйгээр харилцах сонирхол бүс нутгийн орнуудад байна. Хятад харилцаа холбоо, хоорондын харилцан хамаарлыг гүнзгийрүүлэх замаар бүс нутгийн орнуудыг өөртөө татахыг оролдож байгаа гэж үздэг. Жишээлбэл, Бээжин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулж дэд бүтцийн төслийг санхүүжүүлж байгаа нь Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засагт донорын үүрэг гүйцэтгэж байгаа мэт ойлгогдож байна. Хөрөнгө оруулалтын болон донорын харилцааг бэхжүүлэх нь Хятадын бодлогын бас нэг чиглэл юм. Саяхныг хүртэл Хятад нь ихэнхдээ тээвэр, холбоо харилцаа, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хөдөө аж ахуй, боловсрол, онцгой байдлын салбарт буцалтгүй тусламж олгодог байсан. Санхүүгийн харилцааг өргөжүүлэхийн тулд долларын оронд юань эсхүл орон нутгийн валют хэрэглэх явдал түгээмэл байна.
Цэргийн талын харилцаа ер нь хоцорч яваа. Америкийн бодлого идэвхжиж байгаа энэ үед Хятадын тал цэргийн харилцаандаа илүү анхаарал хандуулах ёстой гэж үздэг
 
Улс төрийн харилцааны хувьд Хятадын байр суурийг сул байна гэж үзэж болохгүй. Харилцан хүндэтгэх, эрх тэгш байх, олон туйлт системийг байгуулах, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь оролцохгүй байх зэрэг ижил төстэй улс төрийн үзэл баримтлалд үндэслэж АСЕАН-тай харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байдаг.
 
Тус байгууллагаас НҮБ, "Их хорь", Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөгөө нэмэгдүүлэх бодолтой байдгийг нь Хятадын тал дэмждэг. Индонез, Вьетнам, Лаос, Камбож, Мьянмар, Тайланд, Малайз гээд бараг ихэнх улстай Бээжин стратегийн буюу стратегийн түншлэлийн харилцаатай. Цэргийн харилцааны хувьд Камбож, Лаос, Мьянмар 3 бол Хятадын уламжпалт түншүүд юм. Филиппин, Сингапур, Вьетнамтай тийм ч дотно бус харилцаатай байдаг. Хэр зэрэг бие биедээ итгэж байгаагаас цэргийн харилцааны хөгжил хамаарч байгаа юм. Цэргийн чадавхийн хувьд Вьетнам нь бүс нутагтаа тоолгүй өнгөрч болохгүй, цорын ганц хүчирхэг, бат тогтвортой байр суурьтай улс болж үлдэх нь тодорхой байна. Япон, АНУ- ын алинтай нь ч холбоотны гэрээгүй энэ улсыг барууны орнууд Хятадын эсрэг ашиглаж болзошгүй гэсэн үзэл бодол байдаг.
Газар нутгийн маргаан АСЕАН-ны хувьд толгой өвтгөсөн асуудал болж байна. Хятадад өсөн нэмэгдэж байгаа үндсэрхэг үзэл, газар нутгийн маргаан дээр буулт хийх боломж олгохгүй байх аюултай гэж тус байгууллагынхан үздэг. Хятадууд газар нутгийн маргааныг гуравдагч этгээдийг оролцуулахгүй 2 талын яриа хэлэлцээгээр шийдэх бодолтой байдаг нь Филиппин, Вьетнамын сонирхолд нийцдэггүй. Америкийн тал энэ асуудлаар төвийг сахисан байр суурьтай байгаа боловч ер нь сүүлийн хоёр улсын хандлагыг дэмждэг. Америкчууд үндэстэн бүрийн ашиг сонирхол, далайн чөлөөтэй зам, тээврийг хамгаалах зэрэг үзэл санааг дэвшүүлж байр сууриа бэхжүүлэхийг хичээж байгаа гэсэн үзэл бий. Ер нь бүс нутгийг газар нутгийн маргаантай байлгах сонирхол дэлхийн томоохон гүрнүүдэд байдаг гэж үздэг. Зөвхөн улс төрийн тунхаглал, мэдэгдэл батлан Өмнөд Хятадын тэнгисийн түншийг сонгох шаардлагатай болж батлан Өмнөд Хятадын тэнгисийн байдлыг тогтворжуулж чадахгүй гэдгийг бүгд ойлгож байгаа учраас бүх талуудыг үүрэгжүүлсэн "Үйл хөдлөлийн журам" гээчийн талаар ярьж эхлээд байна. Хятадын тал газар нутгийн маргааны асуудлаар цаг хожих, ямар ч нөхцөлд өөрийн зорилтыг ахиулах, хамтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх замаар арилжааны ашиг хүртэх гэсэн чанд хатуу дарааллын дагуу бодлогоо хэрэгжүүлж байна. XXI зууны Торгоны замыг сэргээх үйл хэргийг хятадууд ирээдүйд хөзөр болгох нь тодорхой болж байна. Энэ төсөл хэрэгжиж чадвал 2020 он гэхэд бүс нутгийн худалдааны эргэлт 1 их наяд долларт хүрнэ гэж хятадууд үзэж байна. АНУ дотоодын болон өөр бусад асуудлаас болоод Зүүн өмнөд Азид цэргийн хүчээ нэмэгдүүлэх, нөлөөгөө өргөжүүлэх чадвараар дутмаг байгааг Хятадын тал ашиглан бүх талаар байр сууриа бэхжүүлэхийг хичээх нь тодорхой юм. Хятад тус бүс нутагг эдийн засгийн нөлөөгөө тэлж байгаа 3 онцлог байна. 
 
Нэгдүгээрт, өргөн хэрэглээний барааны аж үйлдвэрийг Зүүн өмнөд Азийн орнуудад шилжүүлж байгаа. Ирээдүйд Энэтхэг рүү ч бас шилжиж магадгүй гэсэн таамаглал бий. 2018 онд Хятадуудын дундаж цалин сард 950 доллар болсон. Цалин 15 жилийн дотор 8 дахин нэмэгдсэн бөгөөд хэдийгээр Хятадад аж үйлдвэрийн болон хангалтын дэд бүтэц сайн хөгжсөн боловч энэ төрлийн аж үйлдвэр хөгжих төлөв ажиглагдахгүй байгаа юм.
Хоёрдугаарт, эдийн засгийн болон улс төрийн нөлөөллийг бэхжүүлэх зорилготой нөлөөллийн бүс байгуулж байна. Хамгийн тодорхой жишээ бол Африк. Кени, Нигер, Египет, Алжир зэрэг улс Хятадын импортоос хараат байдалтай болсон. Дипломат төлөөлөгчийн газар байгуулж, улс төрийн төлөөлөл бий болгож, эдийн засгийг нь хөгжүүлэхэд туслахын хамт Хятадын бараа, бүтээгдэхүүнээс тодорхой хэмжээнд хараат болгох, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх гээд нөлөөллийн бодлого нь олон арга барилтай.
Гуравдугаарт, Хятадын хөрөнгө оруулалт нь хатуу чанд, хөрөнгө мөнгийг нарийн тооцдог Барууны хөрөнгө оруулалтаас илүү хөгжил дэвшлийн боломж авчирч байгаагаараа ялгагдаж байна. Тодорхой жишээ бол дээр дурдсан дэд бүтэц, хүмүүнлэгийн солилцоо, тусламж, эмнэлэг, сургуулийн барилгын ажил юм. Үүний үр дүнд эдийн засгийн хувьд хараат, Хятадыг баримталсан улс төрийн лоббитой, түүхий эдийн хавсарга болох аюул байгаа гэж зарим судлаач үзсэн байдаг. Дараах 2 улсын жишээн дээр Хятадын бодлогын өнөөгийн  байдлыг дүгнэж болох юм.
 
1.ЛАОС
 
Лаост хэрэгжиж байгаа Хятадын хөрөнгө оруулалтад орон нутгийн хятад цагаачид ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ улсад одоохондоо Хятадын компаниудын тэлэлтийг хязгаарласан, зохицуулсан хууль байхгүй байгаа нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Хятадын хөрөнгө оруулалт эдийн засгийн зарим салбарт давамгайлах шинжтэй болж байгаа нь эргээд Лаосын дотоодын бизнесийг нухчин дарж байгаа аж. Үүнийг орон нутгийн засаг захиргаа ойлгодоггүй гэнэ. Учир нь Хятадын хөрөнгө оруулагчдаас оруулж ирж байгаа "хурдан мөнгө" нь тус улсын хоцрогдсон эдийн засагт ихээхэн нэмэр болж байгаа нь бодит баримт юм.
Хоёр талын харилцаанд Меконг мөрний бохирдол, үүнээс болж Тайланд, Вьетнамтай харилцаа муудах хандлагатай болсон, хөдөө аж ахуйн салбарын хохирол гэх мэт шинэ асуудлууд гарч ирж байна. Лаос нь урт хугацааны турш Хятадын херөнгө оруулалтыг хамгийн их татсан улс орон байсан. Үүнд уламжлалт харилцаа нөлөөлсөн тал байдаг. Мөн 1980- 2010 он хүртэл Лаос нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татсан улс байгаагүй. Энэ улсыг Вьетнам, Тайланд 2 геостратегийн сонирхлын хүрээнд  багтаадаг ч гэсэн тэдэнд одоогоор ч Хятадтай өрсөлдөх хүч чадал алга. 
Хятадад ажиллах хүчний өртөг нэмэгдэж байгаагаас Хятадын л бизнесмэнүүд хямд ажиллах хүчийг сонирхож Лаост ирж байна. Лаосын хөрөнгө оруулагчдыг Хятад, Вьетнам, Тайландын гэж хувааж болно. Гэвч Тайланд, Вьетнамаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын ард, нарийн судлах юм бол мөн л хятад цагаачид байгаа аж. 2013 оны байдлаар тэдний хөрөнгө оруулалт нийт хөрөнгийн хэмжээний 60 хувийг эзэлж байсан гэсэн тоо баримт байдаг. Ер нь бараг бүх салбарт нь нэвтэрч чадсан. Тухайлбал, барилга, дэд бүтэц буюу эрчим хүч, гол мөрний аж ахуй, "Их Меконг" хэмээх төсөл, интернэт, банк, хүнсний үйлдвэрлэл гэх мэт.
Хоёр улс байнгын зөвлөлдөх уулзалт, бага хурал зохион байгуулж "Алтан гурвалжин"-д хориотой үйл ажиллагааг таслан зогсоох талаар хамтарч ажилладаг. Энэ нь Хятадуудад нэг талаас хилийн Юннань мужийн сүүдрийн эдийн засгийг устгах, нөгөө талаас Лаосын умард хэсгийг хөгжүүлэх 2 зорилгод чиглэсэн байдаг. Мөн 2000 оноос эхлэн өмнөд мужууддаа Лаос, Камбож, Мьянмарын оюутнуудыг сургадаг болсон нь зам харилцаа, амьдрах орчны хувьд дөхөмтэй байснаас гадна Лаосын хувьд гадаадад залуучуудаа суралцуулах боломж болж байна.
Хятадын компаниуд орон нутгийн лао, хятад иргэдийг авч ажиллуулдаг нь ажилгүйдлийг шийдэх бас нэг нөхцөл болж байгаагийн сацуу Хятадын эдийн засгийн нөлөөг эергээр хүлээн авдаг давхаргыг бий болгоход түлхэц болж байна. Ажилд орогчдын 75 хувь хятад гаралтай хүмүүс байгаа боловч лао нарт ч хувь ноогддог аж. Хятадын компаниудын үйл ажиллагаанаас болж Меконг мөрөн татарч эрэг орчмын газар хуурайшиж байгаа нь загасчлал, газар тариалангаар амьдардаг нутгийн иргэдийн дүйргүйцлийг төрүүлж байна. Орон нутгийн удирдлагын авилгалд автсан байдал үүнд нэрмээс болж байгаа ажээ. Лаос нь Хятадын хөрөнгө оруулалтыг цогц байдлаар бус, янз бүрээр хүлээн авч байгаа нь эдийн засгийн сул хөгжилтэй нь холбоотой. Гэхдээ үүнийг орлуулах хувилбар тэдэнд байхгүй. Хятадын энэ нөлөө Вьетнамын түгшүүрийг их төрүүлдэг. Хэвлэлүүд нь энэ талаар байнга мэдээлдэг. Тайландын хэвлэлүүд хятад эзэдтэй байдаг тул өөрсдөд нь хувь ноогдоогүйд харамссан шинжтэй өгүүллүүд гардаг аж. Вьетнам нь Хятадын стратегийг "илэрхий аюул" гэж харж байгаа. Хятадын хөрөнгө оруулалтыг 3 хувааж байна.
Нэгдүгээрт, салбарын хөрөнгө оруулалт буюу барилга, холбоо харилцаа, банк, интернэт технологийн салбар. 
Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдын төрлөөр нь хуваадаг. Хятад болон бусад улсын Хятадууд гэх мэт.
Гуравдугаарт, цаг хугацааны талаас нь яаралтай, инновацийн, урт хугацааны, татаасын, квотын, салбарын, дунд хугацааны, тендерийн гэх мэтээр ангилж үздэг. Хэрэв нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлбэл хятадууд банкуудаараа дамжуулаад ихэнх хөрөнгийг татаж эдийн засгийг сульдуулах аюултай тул Лаосын Засгийн газар Хятадын эсрэг үзлийг хазаарлахаас өөр аргагүй болж байна. Одоогоор тус улсад хятадын хөрөнгө оруулалтын монополчлолыг эсэргүүцэх аргыг бодож олоогүй байна.
 
2. КАМБОЖ
 
АСЕАН-д бүх асуудлыг зөвшилцлийн журмаар шийддэг. Тиймээс гишүүн 10 улс болгон шийдвэр гаргах механизмд нөлөөлөх чадвартай. Энэ онцлогийг их гүрнүүд маш сайн ашиглаж байна. Тухайлбал, Хятад Өмнөд тэнгисийн маргааны асуудлаар АСЕАН-ыг дотор нь 2 хувааж чадсан. Өмнед тэнгистэй амин холбоотой, хамааралтай улсад Хятадын нөлөөг илт эсэргүүцдэг бол Лаос, Камбож, Тайланд зэрэг эх газрын улс Хятадыг дэмждэг. АНУ Дэлхийн банкаар зарим төслийг дэмжих замаар Камбожийг талдаа татах гэж оролдож байгаа боловч Хятад энэ улсын эрх ашгийг сайтар дэмжиж, эдийн засгийн тусламж үзүүлж байгаа тул Камбожийн хувьд түнш хэвээр үлдэх төлөвтэй байна. Жишээлбэл, 2016 онд цагаан будааны үнэ буухад үүгээр экспортын орлогоо бүрдүүлдэг Камбож тун хүнд байдалд орсон. Хятад даруй гараа сунгаж 2017 оноос цагаан будааны импортыг 2 дахин нэмэгдүүлэхээр амлаж байсан. Энэ нь Дэлхийн банкны зээлээс илүү үр дүнтэй нь ойлгомжтой. Хятад одоогоор тус улсад 237 сая долларын зээл өгөх, Зэвсэгт хүчнийг нь бүрэн шинэчлэхэд тусалж байна.
 
Хошууч Т.МӨНГӨНШАТАР
Эх сурвалж: "Соёмбо" сонин