sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт шаардлага хүргүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэв. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх замаар ипотекийн зээлийн хүүг 3 хувь хүртэл бууруулах боломжтой хэмээн О.Баасанхүү гишүүн өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийсэн. Дээрх ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байгаа юм. Мөн тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө иргэдийн цалин, тэтгэвэр, оуютны зээлийг тэглэх амлалтаа хэрэгжүүлж чадахгүй бол ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй гэв.
“УИХ-ын Эдийн асгийн байнгын хорооноос энэ сарын 13-нд ипотекийн зээлийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу ипотекийн зээлийг Засгийн газар, Монголбанк хамтран санхүүжүүлэх үүрэг хүлээжээ. Тиймээс уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ ипотекийн зээлийн хүүг бууруулахыг шаардаж байгаа юм. Би ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжтой гэж үзсэн бол Сангийн яам, Монголбанк болон холбогдох байгууллагаас 6 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн. Тэгэхээр хүүг бууруулах талаар судалгаагаа танилцуулж харилцан, мэтгэлцэж болно. Нөгөөтэйгүүр, Монголбанкны тухай хуулийн дагуу Төвбанк зээлийн эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Одоо иргэд ипотекийн зээлээ төлөхөд үндсэн зээлийн төлбөрөөс төдийлөн хасагддаггүй. Ихэнх нь хүүнд тооцогддог. Тиймээс үндсэн зээлийн төлөлтийн хэмжээг нэмэх чиглэлд анхаарч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс шаардаж байгаа юм. Мөн хадалгамжийн хүүг 11 хувь болгож бууруулах хэрэгтэй. Ингэснээр тэтгэврийн, хэрэглээний болон бусад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ” хэмээв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг