sonin.mn
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өдрийн (2018.11.21) хуралдаан 14 цаг 28 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг оролцсон байна.
 
 
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Харин Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын Монгол Улсын иргэн “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”  гэснийг тус тус зөрчөөгүй байна гэж үзсэн байна.
Иймээс Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэсэн заалтын үйлчлэлийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулав. Мөн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 14 нь буюу 93.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.