sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан  БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улсад энэ сарын 8-9-ний өдрүүдэд айлчилж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Яриа хэлэлцээ найрсаг, бүтээлч уур амьсгалд болж, талууд Монгол, БНАСАУ-ын харилцаа хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Сайд Д.Цогтбаатар энэ оны 2 дугаар сард БНАСАУ-д айлчилсны хариуд ийнхүү Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улсад айлчилж байгаад монголын тал баяртай байгаагаа илэрхийлэв.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо “энэ удаагийн айлчлал нь дипломат харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр талаас тохирсон төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэхийн сацуу Монгол, Солонгосын харилцааг ирээдүйд өргөжүүлэн тэлэхэд чиглэсэн ажлыг одооноос сайтар төлөвлөж ярилцах зорилготой” гэдгийг онцлов. Талууд соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг сайшаахын сацуу цаашид хоёр улсын хооронд нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах ирээдүй байгааг санал нэгтэй тэмдэглэв.
Сайд Д.Цогтбаатар “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутаг дахь аливаа маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар зохицуулахын чухал”-ыг онцлов. Тэрээр мөн талуудын хүч чармайлтын үрээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд тодорхой ахиц гарч байгааг  өндрөөр үнэлж, үүнийг улам лавшруулан бэхжүүлж, урт хугацаанд бодит үр дүнд хүргэхэд БНАСАУ цаашид ч хүч чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.  Сайд Ри Ён Хо “БНАСАУ ч Монгол Улстай нэгэн адилаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө байдаг. Одоо бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх явдал нэн чухал байна” хэмээн тэмдэглэв.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг