sonin.mn
Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.
 
-Таны лекцүүдийн зорилтот бүлэг бол өсвөр үеийнхэн, залуучууд. Өсвөр, залуу үе гэж таныхаар хэн юм. Тэдэнд ямар хүч байдаг вэ?
 
-Маш их хүч бий. 2010 оны тооллогоор хүн амын 74.3 хувь нь 44 хүртэлх насны залуус байсан. Хүн амын энэ 74 хувь чинь ирээдүйн Монголыг авч явна. Түүнээс 30 гаруй насны залуучууд нь 810 мянга гаруй байсан. Одоо бараг саяд хүрээ биз дээ. Би лекцээ тэдэнд зориулаад байдаг нь энэ залуучууд эх түүхээ хүндэтгэн хайрлаж, өвөг дээдсийн туулсан алдаа оноог ухаалгаар цэгнэн тусгаж, сонор соргог, цаг үеэ зөв үнэлж, ухаалаг тэмүүлэлтэй амьдарч байж монголын ирээдүй баталгаажна гэж үздэгийнх. Бид өнөөдөр залуучууд руугаа чиглэсэн тодорхой, тоймтой юу ч хийхгүй байгаагаас тэдний төлөвшил хэт урсгалаараа явж байна. Ухамсартай залуу үеийнхнийг бэлтгэх, чин зоригт эх оронч болгож хүмүүжүүлэх том бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болчихсон байна.
Том бодлоготой улс орнуудын зөөлөн хүчний бодлогод маш амархан автах залуу үе Монголд бий болж. Зан заншлаасаа холдоод, түүхээ үл тоогоод, хэлээ мартаад эхлэхээр үндэстний өөрийнх нь дотоод мөн чанар байхгүй болчихно шүү дээ. 
Бүх түвшинд олон удаа ярьж, шаардаж байсны хүчинд хоёр жилийн өмнөөс монгол хүүхдэд 11 нас хүрснээс хойш гадаад хэл заа гэдэг шийдвэр гаргах шив. Тэгэхгүй бол дүр нь монгол ч герман, япон, хятад, америк, солонгос сэтгэлтэй, сэтгэхүйтэй хүн олноороо бойжиж байна.
 
-Та хувьсгал биш эрс шинэчлэл гэж хэлээд байгаа нь учиртай л байх. Гэтэл УИХ-ын танхимаас зарим нь залуучуудаа хувьсгалд уриалаад байгаа. Тэгэхээр таны яриад байгаа эрс шинэчлэлийг, эсвэл зарим хүний хүсээд байгаа тэр хувьсгалыг хийх хэмжээнд манай залуус хүрсэн үү?
 
-Хүрсэн. Яагаад гэхээр би маш олон залуутай уулздаг. Тэднийг зохион байгуулах ажил, тухайлбал нийгмийн амьдралд идэвхтэй, ухамсартай оролцуулах арга хэлбэр дутаад байгаа юм. Залуус гэгээлэг зүйл ярьж, хүсч тэмүүлж байна. Боловсролтой, зөв үзэл бодолтой, нийгмийг ямар ч түвшинд аваад явчих хүч чадалтай, эх оронч залуу маш олон байна. “Хятадыг дагая”, “Оросыг дагая” гэсэн залуус алга. “Яавал Монголоо зөв авч явах вэ?” гэсэн залуус харин олон байна. Тэдний бодсон санаа, тэмүүлсэн үйл хэрэг одоогийн тогтолцоог очоод л мөргөж бутран сарниж байна. Тэгээд цүнх баригчийн замыг ихэнх нь сонгож байна. Өөр арга алга байна шүү дээ.
Тиймээс эрс шинэчлэл хийе гээд байгаа юм. Хувьсгал биш. Хувьсгал гэдэг чинь нэг хэсэг нь нөгөөгөө үзэн ядаад нөгөөгийнхөө эрх мэдлийг хүчээр булааж авах л үйл явц шүү дээ. Үр дүнд нь нийгэм тогтолцоо өөрчлөгддөг ч хямралдан тэмцэлдэж цус, нулимс урсдаг. Эвлэршгүй зөрчил, үзэн ядаж, өс авахад хүрдэг.
Ийм байдалд хүрэхгүйгээр, ухаалгаар, зөвшилцлөөр тогтолцоогоо өөрчлөөд тайван замаар улс орноо сайн тийш залчих бүрэн боломж бий. Байгаа байдлаа өөрчлөх уур амьсгал нэгэнт бүрдэж. Бүгдээрээ л “Энэ нэг л биш байна, болохоо байчихлаа” гэдгээ мэдэж байгаа шүү дээ. Эрх барьж байгаа нь ч, ард түмэн ч мэдэж байгаа. Сая засгийг огцруулах асуудлаар чуулганы хуралдаан дээр их тод харагдаж байна билээ. Бүгдээрээ л “Бид мухардалд орчихлоо, болохоо байчихлаа” гээд байна лээ. Хамгийн харамсалтай нь нийтийн сайн сайхан байдал тогтоохын төлөө УИХ-ын гишүүн болсноо мартчихсан мэт аяглаж байгаа нь олны дургүйцлийг их хүргэлээ. Тэд ард түмний тодорхой хэсгийн төлөөлөл л болж УИХ гэдэг субъектыг бүрдүүлж байгаа жирийн ардын л нэг гэдгээ умартаад дарга анги, хүнд сурталтан, авилгач түшмэд болон хувирчээ. Тэдний өөрсдийг нь бий болгосон бүлэглэлийн эрх ашиг нь, хувийн явцуу үзэл бодол нь нийтийн эрх ашгийг дийлж байгаа учраас “Миний хулгайлсан бага, чинийх илүү шүү” гэдэг тулга тойрсон хэрүүл хийж байгаа юм. Улс төрчид тийм хэмжээнд доошоо орчихсон байна. Энэ бол тогтолцоо буруу байгаагийн л шинж. Үүнийг өөрчлөх ёстой.
 
-Эх оронч, үндэсний үзэл гэж юу вэ. Энэ үзэл түүхийн ямар цаг үед монголчуудад хамгийн ихээр сууж, ямар цаг үед нь бүдгэрсэн юм бол?
 
-Эх хэл, зан заншил, соёл түүхээ хүндлэн хайрладаг, түүнийгээ мэдэж сурахыг хичээдэг хүн бүр эх оронч шүү дээ. Түүхээ, зан заншлаа, өвөг дээдсээ хүндэтгэхийг хэлж байгаа юм. Гишгэж яваа газар шороо, түшиж яваа уул усаа хайрлан хүндлэхийг хэлж байгаа юм. Тэгэхээр хүүхдийг багаас нь хүмүүжүүлэн өсгөхдөө л эх оронч болгож төлөвшүүлдэг бодлого хөтөлбөртэй байх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл эх оронч үзлийг хүмүүжлээр, төрийн оновчтой үзэл суртлын бодлогоор олж авдаг. Хүн анхнаасаа л эх оронч төрнө гэж үгүй. 
Ер нь монголчууд эх оронч, бардам хүмүүс. Аюул тохиолдсон үед, хүнд үед атгасан гар шиг, хураасан шагай шиг нэгдэж чаддаг хүмүүс. Манай баялаг түүх үүнийг хэлж байдаг. Яагаад гэхээр монголчууд харийнханд ялагдаж үзээгүй, дандаа ялж, дэлхийн дайдыг хэмжсэн том улс байгуулж байсан ард түмэн шүү дээ. Ялан дийлээд гаднаа дайсагнах хүчгүй болсон цагтаа хоорондоо байлдаж дайтдаг сонин сургамжит түүхтэй ч улс. Хоорондоо л дайтаж улсаа унагаж явснаас бус гаднаас хүрч ирээд бидний төрийг эзэлж байсан удаа бараг байхгүй. Юань улсын үед хятадаас хөөгдөж гарсныг, манжийн эрхшээлд өөрсдөө бараг сайн дураараа орсныг эс тооцвол. Тэд бидний дотоод зөрчил хагарлыг л ашигласан юм шүү дээ. Одоо энэ хоёр том намынхаа байж байгааг хар л даа. Сонгуульд ялаад эрх баригч болчихонгуутаа нам дотроо хагаралдаад л унаж байгаа биз дээ. Юу ч гэмээр юм мэдэхгүй, үндэстний онцлог уу, түүхээсээ сургамж авахгүй байгаагийнх уу?
Ер нь монгол хүн, монгол морь хоёр л эх нутаг руугаа гүйдэг юм гэсэн. Эх орон элгэн садан нь үргэлж уяатай явдгийнх байх. Эх орноо үл тоодог, үзэн яддаг урвагч нар мэдээж гардаг. Урвагч нар цаг үе болгонд байдаг. Гэхдээ нийт монгол хүмүүсийн эх оронч үзэл, тусгаар оршихын төлөөх үзэл санаа хүсэл тэмүүлэл өнөөгийн монгол хүмүүсийг бий болгож, нэгтгэн барьж байгаа юм. Энэ бол алга болчих зүйл биш. Тэрийг нь бид харин төрийн бодлогоор байнга сэргээж, сэрээж байх ёстой юм. Түүхээ уншихад л дотор хүн нь сэрээд, эх орныхоо төлөө зүрх нь цохилоод, сэтгэл нь гэгэлзээд, сайн муугаа дэнслээд ирнэ шүү дээ, монголчууд.
 
-Баян хүн болгоныг олигархи гэж хардаг, үзэн яддаг хандлага бий болчихлоо. Дундаж давхаргынхан байхгүй болсны нэг илрэл нь энэ мөн үү?
 
-Баян, ядуугийн хэт их ялгаа бий болно гэдэг чинь хамгийн аюул шүү дээ. Үнэнийг хэлэхэд ядуурал хүнийг их муу зантай болгодог. Маркс, Энгельс нар люмпен пролетари гэдэг нийгмийн хамгийн доод давхрагынхны зан чанарыг тодорхойлж бичсэн байдаг юм. Өсөрхүү, бүх юманд дайсагнаж ханддаг, чинээлэг хэсэг, өөрөөсөө илүү явааг үзэн яддаг, хэдэн төгрөг, эсвэл ямар нэг зүйл амлахад хэнийг ч, юуг ч устган сөнөөхөд бэлэн хүмүүс нийгэмд хамгийн аюултай гэдгийг тэд анхааруулсан юм. Тэдэнд өлсгөлөн ходоодноос өөр үнэт зүйл, үзэл санаа гэж байхгүй. Ийм хүмүүсийнхээ тоог нэмээд байна гэдэг энэ улс өөрөө тогтворгүй байдал, баячууд нь харгислал, хувьсгалд өртөх, алуулж талуулах, бий болгосон зүйлээ сөнөөн устгуулах зүйл рүүгээ л яваад байна гэсэн үг. Тиймээс өөрийнхөө эрүүл мэнд, боловсролынхоо хэрэгцээг бүрэн хангаад амьдарчих боломжтой, ажил орлоготой, унах унаа, суух сууцтай, хүүхдүүд нь сургуультай, ирээдүй нь баталгаатай, өөрийн гэсэн үнэт зүйлтэй дундаж давхаргынхныг олон болгох нь нийгмийг хамгийн тогтвортой, улс орныг хүчирхэг байлгах гол нөхцөл байдаг аж.
Үүнийг манай эрх баригчид, олигархи гэгдээд байгаа нөхдүүд, ер нь сайд, дарга нар гээд бүгд мэдэж байгаа гэж бодож байна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахгүй байгаа мэт харагдаж байгаа биз дээ. Яагаад? Яагаад гэвэл тогтолцоо нь хийлгэхгүй байгаа юм. Бий болсон нийтийн баялгийн эзэмшилт, хуваарилалт цөөн хүнтэй бүлэглэлийн гарт хэт төвлөрсөн нь төрийн тогтолцоонд нөлөөлж, хяналтгүй парламентаар дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжийг бусармаг хүчинд олгосонд байгаа юм. Үүнийг засч залруулахгүйгээр нэг 76 хүнийг нөгөө 76 хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй байгаад хамаг учир оршиж байгаа юм. Улс төрчид гэгддэг хүмүүс чинь уг нь эх оронч үзэл бодолтой л хүмүүс байгаа шүү дээ, гэхдээ тогтолцоо нь тэднийг буруу тийш залаад явцуу бүлэглэлийн эрх ашгийг хамгаалагч, эх орны эрх ашгаас урвагчид шиг харагдуулаад байгаа юм. Дундаж давхарга гарч ирэхгүй байгаа нь үүнтэй л холбоотой. Хүн амаа нийтээр нь ажил орлоготой, улс орноо хэрэглэгч биш бүтээгч болгож байж л бид сайн сайханд хүрнэ шүү дээ. Нийгэм хэзээ тайвшрах юм гэвэл нийтээр хүлээн зөвшөөрсөн шударга, том тэмүүлэлтэй хүчирхэг төр засагтай, хувь хүний эрх нийгмийн эрх ашигтай зөв зохицсон цагт л гэж би бодож байна. Одоо манайд анархизм л ноёлж байна. 
 
-Нийгмийн ийм хаос байдалтай үед олон шашин байх нь тийм ч сайн зүйл биш болов уу гэж бодох юм. Энэ талаар та юу бодож явдаг вэ?
 
-Монгол Улс тусгаар тогтнолоо олж шинэ тулгар улс байгуулахад хамгийн их түшиг болсон гол зүйл нь улсынх нь агуу их түүх, бурхны шашин хоёр. Монголчууд нэг шашинтай байсан учраас тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн тугийн дор маш хурдан нэгдсэн. Хэрэв манж нар шиг буддын шашнаа огоороод күнзийн ёс суртахуунд суурилсан хятад түшмэдийн гарт эрх мэдлээ алгуур алдсан бол манай ард түмэн тэдэн шиг л болчих байсан.
Манайд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн түүхтэй. Эхнийх нь бүр Хүннү гүрний үед. Удаах нь манай Их Юань гүрний үед, гурав дахь нь улс төрийн бутралын үед. Юань гүрний үед Хубилай хаан Түвдийн Пагва ламыг залж бурхны шашныг монголын төрийн шашин болгосон. Монголчууд нэгэнт хятадыг бүхэлд нь эзлэн дагуулсан учраас тэдний гол суртахуун күнзын суртлаас сэргийлсэн хэрэг. Утгаараа бол уусан ижилдэхээс л сэргийлсэн гэсэн үг шүү дээ.
Ингэж монгол туургатны оюун санааны нэгтгэгч нь бурхны шашин болсон юм. Энэ нь улс төрийн бутралын үед буюу бурхны шашны гурав дахь дэлгэрэлтийн үед ч нэгдлийг хангагч гол хүчин болсноор харагддаг. Монголын бурханы шашны тэргүүн Богд Жибзундамбыг тойрсон улс төрийн нэгдэл үүссэн юм. 8-р Богд хэдийгээр түвд хүн ч тусгаар тогтнолын төлөө тэмцэлд монголчууд түүнийг тойрон улс төрийн нэгдлээ бий болгосон түүхтэй. Энэ бол бурхны шашин монголчуудын оюун санааны нэгдлийг хангагч хамгийн гол хүчин гэдгийг харуулж байгаа юм.
Одоо ч энэ нөлөө үүрэг нь арилаагүй шүү. Нэг зүйл би шууд хэлчихье. Нэг үндэстэн нэг л шашинтай байх ёстой. Тэгвэл үндэстний нэгдэл хүчирхэг, тогтвортой, оюун санааны хагаралгүй байх нөхцөл болно. Цөөн хүн амтай хүчирхэг хөршүүдтэй улсад олон шашин аюул л тарихаас ашиг авчрахгүй ээ. 1930-аад онд лам нарыг Сталинчууд яагаад хоморголон устгасан юм? Монголын оюун санааны нэгдлийг задлах гэж л тийм үйлдэл хийсэн юм.
Бурхны шашны дотоод амьдрал өдгөө Далай ламын Түвдийг тусгаарлах бодлоготой уялдаад нэлээд улстөржсөн байдалтай болсон. Үүнийг манай өмнөд хөрш улс төрийн бодлогодоо ашиглах чиглэл рүү орчихоод байна. Тэр бодлогынхоо хүрээнд Монголын бурхны шашны зарим эрх мэдэлтнүүдийг мөнгө, тэтгэлгийн хүчээр, өглөгийн хүчээр өөртөө татах бодлогыг явуулж эхлээд нэлээд удах шиг боллоо. Үүнд нь манай олон лам харанхуйгаар автаж байна. За зарим нь сүм хийдээ өөд нь татаж оршин тогтнохын төлөө аргадах мөнгөний арганд ч автаж буй биз. Өмнөд хөрш шашны удирдлагыг гартаа, нөлөөндөө авахыг оролдож байгаа нь илт байна шүү дээ. Тухайлбал Банчин Богдын хойд дүрээр шашны эсрэг үзэлтэй хүнийг тодруулж,түүнийг тойрсон шашны удирдлага бий болгохыг оролдож байгаа нь үүний нэг л жишээ. Гэтэл манай хэдэн лам нар тэр Банчинбогд гэх хүнийг тойрсон цаад санааг ойлгоогүй юмуу, ойлгосон ч хувийн эрх ашиг нь дийлсэн үү тэр хавиар эргэлдэх болж. Бүр Монголд урьсан ч сураг дуулдсан. Гэтэл энэ нөхдүүд Далай ламыг Монголд залрахыг эсэргүүцээд байсан. Үүнийг нь бодохоор хятадын өмнө үүрэг хүлээсэн ч юм шиг. Бодох л асуудал шүү.
Шашны хагарал ингээд нэг үндэстэн дотор нэг шашных нь дотор газар авбал хүмүүс оюун санааны хувьд хагарна гэсэн үг. Энэ бол улс төрийн хямрал тэмцлээс илүү аюул дагуулна шүү. Шашныг зөв байранд нь байлгахгүй бол өөр олон шашнаар дамжиж үндэстний оюун санааны орон зайг эзлэх түрэмгийлэл орж ирнэ.
Монголын ороо бусгаа үе бүрт Христийн урсгал орж ирсэн байдаг юм. 1911 оны дараа, 1921 оны хувьсгалын дараа гэх мэт. Энэ нэврэх гэсэн оролдлогууд тухайн үедээ амжилт ололгүй бурхны шашны үзэл санаанд түрэгдээд гарсан байдаг юм. Социализмын үед хүний шашин шүтэх эрх чөлөөг хязгаарласан учраас аль ч шашны үйл ажиллагаа түүний нийгэмд үзүүлэх нөлөө зогссон. Гэхдээ далд шүтлэг байсаар байсаан. 1990 оноос хойш шашин шүтлэг чөлөөтэй болсноор аль ч шашин нийгмийн оюун санааны орон зайд нэвтрэх боломжтой болж тэдний үйл ажиллагаа хяналтгүй, задгай, урсгалаар болж эхэлсэн. Статистик тоогоор манайд Христийн сүм хийдийн тоо бурхны шашны сүм хийдээс даваад гарчихлаа. Юу номлож, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь хянадаг цэгцэлдэг газар байдаггүй, нэг үгээр төрийн оновчтой бодлого байхгүй байна аа л гэсэн үг.
Христийн урсгалуудын үйл ажиллагааг ажиглаж байхад нийгмийн сэхээлэг хэсэгтэй ер ажилладаггүй. Дандаа ядуу, дорой хэсгийнхэн эсвэл өвчин хуучинд баригдсан мөн эмэгтэйчүүдтэй, залуучуудтай ажилладаг. Тэдний “тархийг угаахад” амархан байна гэсэн үг. 
Шашны үзэл санаанаас үүдэлтэй оюун санааны ялгарал ихэсвэл яваандаа шашин өөр учраас гээд залуучууд хоорондоо суухгүй болно. Эвлэршгүй том хагарлын үндэс аажуудаа бий болно шүү. Тэгэхээр үүнийг төрийн зүгээс цэгцлэх хэрэгтэй. Энэ нөхөр хүний эрх чөлөөний эсрэг юм ярьж байна гэж зарим нь хэлэх биз. Үндэстний эрх ашгийн дэргэд хувь хүний өчүүхэн эрх ашиг юу юм. Өнөөдөр бид хүний эрх, эрх чөлөөг ханатал эдэлж байна. Бид их сайхан эрх чөлөөтэй амьдарч байнаа. Гэхдээ хувь хүний эрх чөлөө, дур зоргоороо байх байдал нийтийн эрх ашиг, үндэстний эрх ашгийн хана хүрээд зогсч байх ёстойгоо ойлгох цаг нэгэнт болжээ. Төр үндэстний оюун санааны нэгдмэл байдлаа хадгалахын тулд шахахыг нь шахаж, хаахыг нь хааж, гаргахыг нь гаргаж байх ёстой. Ний нуугүй хэлэхэд төрийн бодлого нэг шашинтай байх тал руугаа чиглэх нь зөв гэж би боддог.
 
-Х Богд тодрох болчихсон гээд шашны тэргүүнүүд байр сууриа илэрхийлээд байна. Хэрэв Х Богд тодорчихвол монголын нийгэм, улс төрд ямар үйл явдал өрнөх бол?
 
-Богд Жабзундамба бол Монголын шашны тэргүүн. Богд тодорно гэдэг эхнээсээ улс төр байсан нь харагддаг юм аа. Дээр би хэлсэндээ шашны нэгдэл дор улс төрийн нэгдэл бий болгох улс төрийн арга хэмжээ байсан гэж. 
Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрээд олон сүм хийд байгуулж, олон хамба бий болсон учраас хамбуудын бие даасан эрх ямбыг хязгаарлах, тэднийг нэг удирдлагатай болгохын тулд анх Богд гэгээнийг бий болгосон. Нэг, хоёрдугаар Богд чинь монгол хүн шүү дээ. Тэгэхээр Богд гэдэг бол монголын түмний оюун санааны нэгдлийг илэрхийлэгч. Хоёрдугаар Богд манжийн эсрэг хөдөлгөөнийг дэмжээд хороогдсон. Ингээд гуравдугаар Богдоос хойш дандаа түвд хүнийг Богдоор тодруулдаг болчихсон. Яагаад гэхээр монголын Богд монголчуудын оюун санаа, улс төрийн нэгдлийг хангагч бодитой хүчин болох юм байна гэдгийг гэдгийг манж нар олж харсан хэрэг. Үнэхээр VIII Богдын үед энэ нь батлагдсан шүү дээ. Тэр Монгол туургатны улс төр, оюун санааны удирдагч нь болсон юм.
Одоо яагаад Х Богдын асуудал яригдаад байна бэ гэхээр, манайд бурхны шашны олон сүм хийд байгуулагдчихлаа, хамбууд олон болчихлоо. Хутагт, хувилгаад олноор тодорч эхэлсэн. Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш хувилгаадыг VIII Богд өөрөө баталгаажуулдаг болсон. Одоо бол манайд тодорсон хутагт хувилгаадыг Далай лам баталгаажуулж байгаа шүү дээ. Түүний дараа энэ эрх Банчин богд руу шилжинэ гэсэн үг. Үүнд л учир байна аа даа. 
Далай лам, Богд гэгээн, Банчин богд гурав бурхны шашин, сүсэгтнүүдэд томоохон нөлөөтэй. 
Тиймээс монголчууд өнөөдөр Богдоо тодруулан залбал Далай ламаас ч, хятадын Ванчинбогдоос ч хараат бус шашны тэргүүнтэй болж шашны бие даасан байдал хангагдана гэж үзэж болох юм. Дээр нь монгол туургатны шүтлэг бишрэл энд төвлөрнө. Түүхэн үүднээсээ ч үзэхэд шашны тэргүүн Богд залрах нь зөв. Уламжлалт шашин нь хүчирхэг байж байж л ард түмнийхээ оюун санааны тогтвортой байдлыг ханган, хувь хүнд зөв ёс суртахуун төлөвшүүлж, буян нүглийн ялгаа заагийг ялган ухаарсан гэгээн ёс зүйтэй иргэн бий болгоход гол үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ шашин болон түүний тэргүүн Богдын улс төрд нөлөөлөх нөлөө боломжийг Төр шашны үйл ажиллагааг зохицуулсан хуулиар шийдвэрлэж болно. Ер нь монголчууд шашны үзлээс үүдэлтэй хуваагдмал, хагаралтай байж хэрхэвч болохгүй гэдгийг л дахин хэлье.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Х.ХУЛАН
Эх сурвалж: Ардчилал таймс сонин