sonin.mn
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх мэдээллийг танилцуулав. Зарим салбарын тухайд ҮСХ-ны статистикч Ю.БАТЗОРИГТТОЙ ярилцаж тодрууллаа.
 
-Та бүхний хийсэн мэдээллээс харахад дундаж цалин нэг саяас давсан дүнтэй байх юм. Үүнийг ямар зарчим, тооцооллоор гаргадаг вэ?
 
-Статистикийн тоон үзүүлэлтийг бодож гаргахад медиан цалин буюу хөдөлмөрийн хөлсний дунджийг харгалздаг. Тодруулбал, 732 мянгаас дээш болон доош цалинтай ажиллагсдын хоорондын харьцааг бодож гаргадаг юм. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны гуравдугаар улиралд нийт 40 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 651 мянга гаруй ажилтан, албан хаагч хамрагдсан байна. Тэдний хөдөлмөрийн хөлсний хэмжээг тооцоолоход 300 мянга хүртэл төгрөгийн цалинтай иргэн 12.8 хувийг эзэлж байгаа бол 1.1 саяас дээш төгрөгийн цалинтай хүн 25.2 хувьтай байгаа юм. Үүнийг дундажлахад бодоход 1.2 сая төгрөг болж байна. Ажиллагсдын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар нь авч үзэхэд техникч болон туслах, дэд мэргэжилтний дундаж цалин хамгийн их (1.3 сая төгрөг) байгаа бол ХАА, ой, загас агнуурын салбарын ажилтных хамгийн бага (540.7 мянган төгрөг) байна. Ерөнхийдөө нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин нэмэгдэж, 1.2 сая болоход цахилгаан, хий уур, агааржуулалтын салбарт ажиллагсад, шинжлэх ухаан, техник, үйлчилгээ, санхүү, даатгалынхан болон мэдээлэл холбоо, технологи, удирдлагын салбарын ажилтны цалин хөлс нэмэгдсэн нь нөлөөлсөн. Бас барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд ажилтныхаа цалинг 139-226 мянган төгрөгөөр нэмсэн нь тодорхой хувь нэмэр оруулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Дээр нь төрийн өмчийн үйлдвэрийн газар, хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтны дундаж цалин улсын дунджаас арай ахиу байгаа ч орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад ажиллагчдын цалин бага байдгийг онцлох хэрэгтэй байх.
 
-Манай улсын валютын урсгалын багагүй хэсгийг бүрдүүлдэг нүүрсний экспорт нэг үе татарсан. Одоо байдал ямар байна вэ?
 
-Нүүрсний экспорт нэг хэсэгтээ багассан боловч энэ оны арваннэгдүгээр сарыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар өссөн дүнтэй байна. 2017 онд Монгол Улс 33.8 сая тонн нүүрс экспортолсон дүнтэй байдаг. Үүнтэй харьцуулбал оны эцэст бас ч гайгүй үзүүлэлт гарах байх. Учир нь, өнгөрсөн онд нэг тонн нүүрсийг 67.7 ам.доллараар худалдаж байсан бол энэ онд 77.8-аар борлуулж байгаа юм.
 
-Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл нэмэгдэж, “чанаргүй зээл” ангилал өсч байгаа нь арилжааны банкуудын удирдлагын санаа сэтгэлийг зовоосон асуудал болоод байна. Энэ нь ямар учир шалтгаантай байдаг юм бол? 
 
-Статистик мэдээллээс үзэхэд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өмнөх оны 11 сартай харьцуулахад 80.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ. Ерөнхийдөө хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж байгаа юм. Өмнөх он, сарынхтай харьцуулахад 0.5-0.8 пунктээр буусан ч банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хувь нэмэгдэж байна. Энэ нь мэдээж зээлдэгчийн эргэн төлөлтийн хариуцлага, ухамсраас хамаарч байгаа байх.
 
-Нөгөө талаар банк, санхүүгийн салбарын нэг хэсэг нь хөрөнгийн зах зээл байдаг. Энэ талаар ямар ахиц өөрчлөлт гарч байна вэ?
 
-Үнэт цаасны арилжаагаар энэ оны 11 сард 236.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Хоёрдогч зах зээлд гарсан төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компаниудын 500 сая гаруй ширхэг үнэт цаасыг арилжаалснаар гүйлгээ нь буурсан ч үнэт цаасны тоо 5.5 дахин өссөн дүнтэй байна. Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа буурсан дүнтэй байгаа нь гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдалтай холбоотой болов уу. 
 
-Иргэдийн хамгийн их сонирхож буй асуудал нь валютын ханшны өсөлт, төгрөгийн үнэ цэнийн уналт байх. Энд ямар өөрчлөлт гарсан байна вэ?
 
-Голлох валюттай харьцах төгрөгийн ханш ойрын үед суларч байсныг та бүхэн мэдэх байх. Тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш Монголбанкнаас зарласан дунджаар 2581 болсон нь өмнөх оныхоос 5.4, урд сарынхаас 0.7 хувийн уналттай байна. Юанийн ханш ч мөн адил багахан суларсан бол рубльтэй харьцах ханш 38.9 төгрөг болж, өмнөх сар болон жилтэй харьцуулахад 0.1-6.3 хувиар чангарсан мэдээлэлтэй байна.
 
-Гадаад худалдааны тэнцэл ямар байгаа вэ. Манай улсын голлох экспортын бүтээгдэхүүн нүүрс тээвэрлэлтэд асуудал үүссэн нь сөргөөр нөлөөлж байгаа болов уу?
 
-Нийт төлбөрийн болон хөрөнгийн дансны тэнцэл энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Энэ хугацаанд манай улс дэлхийн 150 гаруй улстай худалдаа хийсэн ч өмнөх сартай харьцуулахад экспорт, импорт аль аль буурсан байгаа. Ер нь манай экспортын 90 гаруй хувийг эрдэс баялаг, нэхмэл бүтээгдэхүүн эзэлсэн хэвээр байгаа нь үйлдвэрлэлийг олон төрлөөр хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах шаардлагатайг харуулж буй явдал юм.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин