sonin.mn
Эдийн засагч Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.
 
–Зээлийн хүүг бууруулах тухай асуудлыг хөндөж байна. Гэхдээ үүнийг салбарын мэргэжилтнүүд болоод зарим эдийн засагчид эдийн засгийн сууриар нь авч үзвэл боломжгүй гэдэг тайлбар өгч байна л даа. Таны хувьд?
 
-Зээлийн хүүд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тэр дундаа инфляцийн төвшин нэлээд жин дарна. Түүнчлэн  улс төрийн эрсдэл ч нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, суурь хөрсөө бүрдүүлээгүй нөхцөлд зээлийн хүүг бууруулна гэдэг байж болохгүй. Тэр ч бүү хэл улс төрийн зорилгоор гаргаж буй ямар нэг шийдвэрийн цаана эрсдэл гарсаар байдгийг цаг хугацаа харуулж байна шүү дээ. Ер нь зээлийн хүү гэдэг байнга эрсдэл агуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр зээлийн хүүг бууруулах тухай ярихаасаа өмнө энэ салбарт ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргах вэ гэдгээ тодорхойл. Цаашилбал, хөрөнгийн зах зээлийг бойжуулж, хөгжүүлэхийн тулд ямар алхам хийх вэ гээд яриад байж болно. Гэхдээ бидний хувьд хоосон ярихаас илүү бодит ажил болгож түүнийгээ ард түмний амьдралд хүртээмжтэй байх нөхцлийг бүрдүүлэх учиртай. Жишээлбэл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хороо дорвитой шийдвэр гаргаж, ажиллах хэрэгтэй. Хөрөнгийн бирж болоод тэнд байгаа компаниудын мэдээлэл, тайлан ил тод, шилэн, ойлгомжтой байх ёстой. Хэрэв бид хувьцааны зах зээл рүү хөрөнгө оруулагчдыг татахыг зорьж байвал эхлээд Хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд тайлан, блансаа цэвэр байлгах хэрэгтэй. Хэдий хэмжээний ашиг олох боломжтой, ямар үйл ажиллагаа явуулдаг, тэр нь зах зээлийнхээ эрэлтийг хангаж чадах эсэх гээд нэлээдгүй мэдээллийг харж хөрөнгө оруулагчид орж ирэх болно. Гэтэл энэ тал дээр манай хөрөнгийн захад ажилладаг компа­ниуд хойрго, хаалттай байгаагаас хөгжиж чадах­гүй байгаа юм. Нөгөө­тэйгүүр, санхүүгийн зах зээлд эрэлтээ давах шинэ эх үүсвэрийн нийлүүлэлт алга. Энэ нь хөрөнгө оруулалтын сувгаар орж ирэхээс гадна зээл хэлбэрээр эх үүсвэр татаж болно.
 
–Шинэ эх үүсвэрийн нийлүүлэлтийг хоёр сувгаар оруулж ирнэ гэдгийг тодруулж өгнө үү?
 
-Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтаар нийлүүлэлтийн эх үүсвэрийг татахын тулд Хөрөнгийн биржийг ашиглах боломжтой. Гэтэл энэ зах дээр оролцох итгэл төрөхгүй байгаа нь энэ боломжийг боомилж байна гэж болно. Хоёрдугаарт зээлийн эх үүсвэрээр нийлүүлэлтийг нэмэхэд эрсдэлтэй гэж үзэж байгаа болохоор болохгүй байна. Үүнд зээлжих зэрэглэл нөлөөлж байгаа юм. Нөгөөтэйгүүр, банкны тухайд тулгамдаж байгаа асуудал нь барьцаа хөрөнгө. Тухайлбал, хувь хүн, аж ахуйн нэгж ялгаагүй зээл авахын тулд барьцаалсан эд хөрөнгийг эргэлтэд оруулах боломж хомс. Хэрэв зээл эрсдэлд орвол барьцаанд тавьсан хөрөнгийг борлуулах боломжгүй. Энэ нь арилжааны банкны активын түргэн хөрвөх чадварыг бууруулах нөхцөл болдог. Ер нь бизнес цаг хугацаатай уралддаг. Гэтэл тухайн активыг хөрвүүлж чадахгүй байснаар эрсдэл үүснэ. Хэрэв банк муу активаа эргэлтэд оруулж сайн болговол эрсдэлийг бууруулна. Активыг хөрвүүлснээр үнэн хэрэгтээ зээлдэгч, зээлдүүлэгч хоёрт ашигтай байдаг. Нэг талдаа зээлдэгч аливаа зээлийн бүтээгдэхүүн авахдаа ирээдүйд гарах эрсдэлийг нарийн тооцоолсны үндсэн дээр барьцаа тавих болно. Нөгөөтэйгүүр, зээлдүүлэгч этгээд муу активаа хөрвүүлснээр эрсдэлээс хамгаалагдахын зэрэгцээ хүүг бууруулах боломж бүрдэнэ. Гэтэл Иргэний хуулиар барьцаа хөрөнгийг борлуулах эрхийг нь хаачихсан учраас зээлдэгч, зээлдүүлэгч хоёр талд гацаа үүснэ. Энэ нь эцсийн дүндээ зээлийн хүүг бууруулахад “хаалт” болж байгаа хэрэг. Мэдээж тухайн банкны гаргасан мөнгө төлөгдөхгүй болохоор өндөр эрсдэл хүлээхийн сацуу активаа хөдөлгөж чадахгүй байгаагаас үүдэн зардал болж хувирна. Барьцаа хөрөнгө болоод бэлэн мөнгө аль нь ч байсан банкны актив. Гэхдээ бэлэн мөнгө нь сайн активд тооцогддог. Харин барьцаа хөрөнгө муу актив болох нь бий. Учир нь дээр хэлсэнчлэн банк тухайн барьцааны эд хөрөнгийг хөрвүүлж чадахгүй байгаа болохоор гарах зардал нь зээлийн хүүд шууд нөлөөлж байгаа юм. Тэгэхээр хуульдаа өөрчлөлт оруулан барьцаалсан активийг түргэн хөрвөх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Энэ нь хоёр талдаа ашигтай хувилбар гэдгийг ойлгох нь чухал.
 
–Санхүүгийн салбарт олон нэр төрлийн бүтээгдэхүүн гарч чадвал хүү буурах боломж бодитоор бүрдэнэ гэж болох уу?
 
-Тэгэлгүй яахав, таны худалдаж авах гэж байгаа бараа сонголттой байх тусам үнэ хямд байх боломжтой. Мэдээж өрсөлдөөн явж байгаа учраас чанарын хувьд ч гологдохгүй байх болно. Тэгэхээр санхүүгийн салбарт ажиллаж байгаа бодлогын институцийн хувьд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн хүртээмжийг сайжруулах ёстой. Тухайлбал, Хөрөнгийн бирж дээр ажилладаг компанийн баланс цэвэр байх учиртай. Хүн бүрийн мэддэг УИД-ийн хувьцаа яагаад өсөхгүй байгаа шалтгаан маш тодорхой. УИД ашигтай ажилладаг боловч түүнийг нь “Номин трейдинг” дээр бичдэг. Ийм байхад яаж гадаад болоод дотоодын хөрөнгө оруулагчид манай улсын хөрөнгийн зах зээл рүү орох вэ. Тэгэхээр Хөрөнгийн бирж компаниудтайгаа тулж ажиллах хэрэгтэй. Тайлан, балансаа бодитоор нь тавихыг, ногдол ашиг тараахыг шаардах хэрэгтэй. Эцсийн дүндээ хөрөнгийн зах зээл олон нэр төрлийн бараатай болохыг зорьж байгаа бол ногдол ашиг тараах хамгийн наад захын зарчмаа л баримталж сур. Хэтэрхий сул хөгжилтэй байгаа манай улсын хөрөнгийн зах руу шинэ эх үүсвэр орж ирэх найдвар тун бага. Тиймээс л салбарын зохицуулах байгууллага нь сайн ажиллах хэрэгтэй гээд байгаа юм. Би хөрөнгийн зах зээлийг онцолж яриад байгаагийн гол шалтгаан нь энэ салбарт бас нэгэн боломжийг үхмэл байдалтай байлгаж болохгүй гэдгийг ойлгуулахыг хүссэн хэрэг. Бид өнөөдөр зээлийн хүү өндөр байгаа тухай л ярьж байгаа болохоос шинэ эх үүсвэр бий болгох тухай ярихгүй байна. Байгаа боломжоо харвал зээлийн хүү буурах нөхцөл бүрдээгүй. Тиймээс хуулийн хүчээр хүүг бууруулах тухай ярихын оронд олон нэрийн төрлийн, сайн чанарын бүтээгдэхүүнтэй болох гарц, гаргалгааг эрэлхийлэх нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр, Монголбанк одоо байгаа арилжааны банкууд дээр нэмээд шинэ банк оруулж ирэх хэрэгтэй.
 
–Хэрэв банкны салбарт гадны хөрөнгө оруулалтай эсвэл гадаадын банкуудыг оруулж ирвэл үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж тайлбарладаг шүү дээ?
 
-Тэгвэл үндэсний аюулгүй байдалд яагаад сөргөөр нөлөөлөх вэ гэдгээ бодит жишээ, баримтаар тайлбарла. Аливаа нэг асуудал гаргахдаа заавал баримт, тайлбартай бай. Ядаж тодорхой төвшинд судалгаа хийсэн үнэлгээ, дүгнэлтийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлах хэрэгтэй. Манай улсын хувьд банкны салбарын хөгжил бусадтай харьцуулахад хол давуу байгаагийн гол шалтгаан маш сайн либералчилсны үр дүн. Өөрөөр хэлбэл, банкны өрсөлдөх чадвар сайн байгаа учраас дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна. Тэгэхээр энэ салбарт илүү өрсөлдөөнийг бий болгохын тулд бодлогын институци нь ажиллах хэрэгтэй. Хэрэв бодлого гаргаж чадахгүй, дорвитой ажил хийхгүй бол энэ салбарт ажиллаж байгаа хувийн сектор салбараа хамгаалахын төлөө зүтгэх нь зүйтэй.
 
–Монголбанк хэрэглээний зээлийн хугацаанд хязгаарлалт хийх тухай шийдвэр гаргасан. Үүнийг зарим эдийн засагч болоод салбарынхан буруушааж байгаа. Тодруулбал, энэ хязгаарлалт зээлийн эрэлт, нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх үү?
 
-Нэгэнт зах зээл дээр эрэлт байгаа бол түүнийг хязгаарлалт хийх замаар зохицуулна гэвэл хэт өрөөсгөл хандлага болно. Зээлийн эрэлтийг давах нийлүүлэлттэй байх бодлогыг гаргахын оронд хязгаарлах маягаар шийдвэрлэж болохгүй л дээ. Харин эрэлтийг бууруулахын тулд шинэ бүтээгдэхүүн, шинэ эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй. Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар бараа бүтээгдэхүүний үнэ хямд байх уу, үнэтэй байх уу гэдэг нь тодорхойлогддог. Хэрэв нийлүүлэлт хангалттай болвол хүч хэрэглэхгүйгээр зээлийн хүү буурах л болно. Харин бодлогоор хязгаарлаж эхэлвэл эсрэгээрээ зээ­лийн хүү өсөх эрсдэл бий.
Нөгөөтэйгүүр, мөнгөний болоод төсвийн бодлогын уялдаа байх ёстой гэдэг. Жишээлбэл, автомашины худалдааг хязгаарлахын тулд татвар нэмэхийн оронд хэрэглээний зээлийн хугацааг бууруулах шаардлагагүй. Үүнийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдан зөвлөмж гаргах боломж бий. Ингэхдээ ямар авто­­машины импорт өсч байгааг харгалзан тат­ва­рыг нь нэмж болно. Тэг­вэл зээ­лийн суурь хүүг нэмэх шаард­лагагүй гэсэн үг.
 
–Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар зохицуулах тухай ярьж байгааг та хэрхэн харж байна вэ?
 
-Хүчээр хийж байгаа зохицуулалт асар их зардал гаргадаг. Хэрэв төр зохицуулалт хийж байгаа бол гарах зардал нь Монголбанкны баланс эсвэл төсөвт суух болно. Хэрэв төр зардлаа бууруулах гэж байгаа бол зохицуулалтын механизмыг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Хэрэв зээлийн хүүг хүчээр буулгавал жинхэнэ “хулгай” гарах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 40 төгрөгөөр борлуулж болдог байсан барааг 10 төгрөгөөр зар гэдэг хууль гарчихвал зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүснэ. Харин далд эдийн засаг бэхжих суурь болно. Нөгөөтэйгүүр, 10 төгрөгөөр борлуулах бүтээгдэхүүн дууссан гэж тайлагначихаад данснаас гадуур нуугдаж байгаад 40 магадгүй түүнээс дээш үнээр борлуулах болно. Нэгэнт зах зээл дээр эрэлт байсаар байтал нийлүүлэлтийг хумих шийдвэр гаргаж байгаа нь буруу. Харин ч шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх бодлогыг баримтлах ёстой. Түүнээс гадна аль ч салбарыг зах зээлийн зарчмаар хөдөлгөх хэрэгтэй бөгөөд хэрэв гадаад талд тухайн салбартай хамааралтай үнийн уналт гарч байгаа бол түүнтэй уялдуулсан бодлого баримталж ажиллахыг төрийн зүгээс шаардах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төр түр зуурын зохицуулалт хийж болно гэсэн үг. Урт хугацаанд бол зах зээлийн зарчмаар ажиллах хэрэгтэй. Нэгэнт эрэлт нь байсаар атал нийлүүлэлтийг хумих нь буруу юм.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: Зууны мэдээ сонин