sonin.mn
БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятад улс Шинэ Зеландын хууль сахиулах байгууллагын тусламжтайгаар оргодол авлигач Зян Лэй гэгчийг шилжүүлэн авчээ. Энэ тухай Хятадын Коммунист намын /ХКН/ Сахилга батыг хянан шалгах хороо мэдээлсэн байна.
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд өгсөн оргодол авлигачдын жагсаалтаас шилжүүлэн авсан  55 дахь нь болох Зян Лэй нь Хятадын автомашин үйлдвэрлэлийн холбооны дэд даргын албыг хашиж байснаас гадна, авлигын гэмт хэрэгт оролцсон гэж сэжиглэгдэж байх үедээ Хятадын автомашин үйлдвэрлэлийн хорооны олон улсын худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ.  
Тэрбээр 2007 оны дөрөвдүгээр сард Шинэ Зеланд руу зугтан гарсан бөгөөд мөн оны тавдугаар сард Бээжин хотын Сичэн дүүргийн Прокурорын газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах зөвшөөрлийг өгчээ. 2007 оны долдугаар сард Хятадын талын хүсэлтээр Интерпол Зян Лэйг олон улсад эрэн сурвалжилж байгааг мэдэгдэж, баривчлах зөвшөөрлийг олгосон байна.
Хятадын эрх баригчид хилийн чандад зугтан гарсан авлигач түшмэд болон ХКН-ын гишүүдийг барих “Тэнгэрийн сүлжээ”  кампанит ажлыг 2015 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн байна. Тус улсын эрх баригчид авлигын хэргээр эрэн сурвалжилж байгаа 100 оргодол түшмэлийн жагсаалтыг Интерполд өгчээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг