НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүндийн үзүүлэлт Конгрессын завсрын сонгуулийн дараа буурсан болохыг телевизийн NBC компани болон The Wall Street Journal сонины захиалгаар явуулсан санал асууллгын дүн харуулсан байна. 
Ням гарагт нийтэлсэн санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогсдын 43 хувь нь Трампын Ерөнхийлөгчийн хувиар явуулж буй үйл ажиллагааг сайшаасан бол 54 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. 11 дүгээр сард сонгууль болохоос өмнөхөн явуулсан санал асуулгын дүнтэй харьцуулахад уг хоёр үзүүлэлт тус тус 46 хувь болон 52 хувь байсан байна. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын ердөө 38 хувь нь Трампыг 2020 онд улиран сонгогдохыг дэмжсэн бол 52 хувь нь одоогийн ерөнхийлөгчийг дэмжихгүй гэжээ.
Үүнээс гадна, америкчуудын 48 хувь нь цаашид Конгрессоор хэлэлцэх асуудлуудыг бүгд найрамдахчууд бус харин Ардчилсан намынхан тодорхойлдог байх хүсэлтэй байна. Харин ердөө 21 хувь нь бүгд найрамдахчуудын талд зогсчээ. Санал асуулгыг зохион байгуулагчдын нэг болох Фред Янгийн хэлснээр, "11 дүгээр сарын сонгуульд Ардчилсан намд өгсөн саналаараа “буруу чиглэлд явж байна гэдэг дохиог бүгд найрамдахчуудад өгсөн”, гэвч “Ерөнхийлөгч өөрөө энэ дохиог одоогоор сонсоогүй байна” гэж сонгогчид үзэж байна”.
Ирэх онд АНУ-ын эдийн засаг зайлшгүй уналтад орно гэж америкчуудын дийлэнх нь үзэж буйг санал асуулгын дүн мөн харуулжээ. Түүнд оролцогсдын 33 хувь нь улс орны эдийн засаг муудна гэж дүгнэж байгаа бол ердөө 28 хувь нь өөр үзэл бодолтой байна. Энэ нь сүүлийн жилүүд дэх хамгийн доод үзүүлэлт болохыг NBC сувгийнхан онцолжээ.
Энэ сарын 9-12-ны хооронд явуулсан санал асуулгад 900 орчим хүн оролцсон байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг