sonin.mn
ПХЕНЬЯН. /TASS/. БНАСАУ-д үзүүлж буй улс төр, эдийн засгийн дарамт шахалтаа АНУ өргөжүүлж байгааг Пхеньян буруушаагаад Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай урьд нь хүрсэн тохиролцооноосоо бүрмөсөн татгалзаж магадгүй гэдгийг анхааруулжээ. Энэ тухай БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх АНУ-ын асуудлыг хариуцсан хүрээлэнгээс гаргасан тайлбарт дурдсан байна. Уг тайлбарыг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг нийтэлжээ.
“Хэрэв Америкийн засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгчид хүний эрх нэрийдлээр шуугиан дэгдээн хориг арга хэмжээг чангатгаж, дарамт шахалт үзүүлэх замаар биднийг цөмийн зэвсгээс татгалзуулна гэж үзэж байгаа бол үүнээс том алдаа гэж үгүй бөгөөд эсрэгээрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замыг үүрд хаахад хүргэнэ” гэж тайлбарыг бичигчид цохон тэмдэглэсэн байна.
Тайлбарт онцлон тэмдэглэж буйгаар, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг Сингапурт уулзсанаас хойш Америкийн өндөр албан тушаалын улстөрчид зургаан сарын турш бараг өдөр бүр манай улсыг басамжлан доромжилсон мэдэгдэл хийлээ. Түүгээр барахгүй Вашингтон энэ хугацаанд БНАСАУ-ын компаниуд, иргэдийн эсрэг найман удаа шинээр хориг тогтоожээ.
“БНАСАУ-ын удирдлагын хэд хэдэн гишүүнийг хүний эрхийг зөрчсөн хэмээн АНУ саяхан хоригийн жагсаалтад оруулсан билээ” гэж дээрх тайлбарт цохон тэмдэглэсэн байна. Америкийн Төрийн Департамент ийнхүү Солонгос-Америкийн харилцааг байдал харилцан гал нээхийн ирмэгт байсан өнгөрсөн жилийн нөхцөл байдалд эргэн оруулахыг оролдож байна гэж уг тайлбарт дурджээ.
“БНАСАУ-д дээд зэргээр дарамт шахалт үзүүлэх нь үр дүн өгөхгүй бөгөөд хоёр орны удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдлийн хэрэгжилтэд чин сэтгэлээсээ хандахад хүргэхгүй гэдгийг АНУ ойлгох ёстой” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудлыг хариуцсан Хүрээлэн дүгнэсэн байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг