sonin.mn
ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант И.Энхболдтой уулзаж ярилцлаа. 
 
-Худалдааны харилцааны тухай, дэлхийд худалдаа хэрхэн явагдаж байгаа талаар яриагаа эхлэх үү?
 
-Худалдаа гэдэг бол асар том ойлголт. Орчин үед худалдаа цахим хэлбэрт шилжиж, 3G рүү ороод, дөрөв дэх засаглал, 5G, хиймэл оюун ухаан болоод явж байна. Энэ бүхэн дэлхийн худалдааг үндсээр нь өөрчилж байгаа. Зөвхөн Азийн жишээн дээр ярихад худалдаагаараа дэлхийн хэмжээнд хүрсэн Сингапур, Өмнөд Солонгос хоёр топ улс байна. Сингапур гэхэд таван сая орчим хүнтэй хэрнээ худалдааны сүлжээгээр дэлхийг хэрсэн. 
 Би худалдаачин байлаа гэхэд албан тасалгаандаа компьютерийн ард сууж байхад миний бараанууд дэлхий даяар хаа сайгүй зарагдаж байна. Миний хэдэн тонн будаа Солонгосоос Европ руу явж, хэдэн тонн зэс Монголоос Хятад руу ачигдаад хөдөлдөг ч юм уу,  хүн зарах бараагаа өргөж дүүрээд, дагаад хөлсөө урсгаж явах шаардлагагүй, бүгдийг технологиор хийнэ. Энэ дэлхий ертөнц 24 цагт эргэж байхад Шинэ Зеландийн биржээс авахуулаад АНУ-ын Лос Анжелесийн бирж гээд тасралтгүй худалдаа явагдаж, секундээр хэмжигдээд л мөнгөнүүд орж гараад явж байна. Энэ цагт хэдэн мянган усан онгоц далайгаар сүлжиж байгаа. Тийм худалдааны эргэлт явагдаж байдаг. Хамгийн их худалдааны эргэлт Европ Америкийн хооронд, дэлхийн нийт худалдааны 20 хувь нь явагддаг. Ийм дэлхийн худалдааны орон зайд Монголчууд яаж арилжаа наймаа хийх вэ, яавал дээр вэ гэдгийг нухацтай бодох, судлах хэрэгтэй байна. Бид дэлхийн худалдааны өнөөгийн явц ямар байна вэ гэдгийг ч мэдэхгүйгээр худалдаа хийж байна шүү дээ. Цахим худалдаагаар дэлхийн аль ч өнцгөөс юу ч худалдаж аваад хааш нь ч зарж болно. 
 
-Тэр сүлжээнд ороод юм захиалахад манайд ирэхгүй биз дээ?
 
-Заавал манайд ирэх албагүй. Бид Австралиас нүүрс аваад Өмнөд Африкт зарж болно шүү дээ. 
-Манайх чинь Оросын алс дорнод, сибир рүү төмөр зам тавина, нүүрсээ зарна гэж ярьж байгаа улс шүү дээ.
-Тэр бол Монголд байгаа юмаа яаж зарах вэ гэдэг дээр л яригдаад байгаа асуудал. Сингапурчууд шиг дэлхийн хэмжээнд сэтгэж, худалдаа арилжаа хиймээр байна. Одоо коммодити маркет (commodity market), металл маркет (metal market), валю чэйн (value chain) гээд шинэ сүлжээ, шинэ боломжууд зөндөө гарчихсан байна. 
 
-Манайх эрдэм, мэдлэгтэй хүмүүсийнхээ толгойг ашиглаад дэлхийн хэмжээний худалдаанд оролцох, ашиг олох тал дээр ажилламаар л юм байна, тийм үү?
 
-Тийм, тэр чинь их чухал. Жишээ нь Солонгосчууд Японы ниссаны автомашиныг худалдаж аваад АНУ-д зарж байна. Гэтэл Япончууд яагаад өөрсдөө зарж болохгүй байгаа юм? Худалдааны менежментийг нь Солонгос сайн хийж байгаа учраас Япончууд амар замыг нь сонгоод л борлуулалтаа шийдчихэж. Солонгосчууд тээврийн асуудлыг зөв, хялбар замаар шийдэж, өөрсдийнхөө том том усан онгоцонд бараагаа ачаад АНУ, Европт хүргээд зарчихаж байна. Энэчлэн арай томоор сэтгэх эрин зуунд бид ирчихлээ. Бид нүүрс, алтаа яаж зарах вэ гэж өдөр хоног өнгөрүүлж байхад Сингапур, Индонезийн нүүрсийг аваад Солонгост зарчихаж байна. Чилийн зэсийг Европ хүргэж зарлаа. Сингапур улс өөрөө ямар ч байгалийн баялаггүй, тэд толгойгоо л ажиллуулж байна. 
 
-Дэлхийн худалдааны том сүлжээ, хөгжилд манайх ойртож очих, нэгдэх ямар боломж байна вэ?
 
-Бидэнд боломж байгаа. Гэхдээ эхлээд боловсон хүчний асуудлаа шийдэх ёстой.  Манайд мэргэжилтнүүд алга. Байлаа гэхэд бүгд гараад явчихсан, АНУ, Европын томоохон компаниуд, том том газар ажиллаж байна. Тэд Монголд тогтохгүй байна шүү дээ. Хоёрт төрийн тогтвортой байдал маш чухал. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Монгол шиг төрийн бодлого нь нааш цааш савладаг оронд хэн мөнгөө авчиръя гэж бодох юм бэ. Ер нь дэлхийн олон хүн хулхидуулаад л гараад явсан шүү дээ. 
Бид худалдаа, арилжааны асуудал дээр хорьдугаар зууны сэтгэлгээгээр хандаж байна. Энгийнээр хэлбэл хөрөнгөтэй хүнийг хоолонд оруулж, найрч, яаж ийж байгаад мөнгийг нь авахыг боддог. Энэ сэтгэлгээ хуучирсан. Гэтэл бас хуучин зуунаараа сэтгэдэг гадныхан ч орж ирдэг, тэгээд манайханд хулхидуулдаг. Аливаа бизнесийг явуулахдаа биржээр дамжуулж, хувьцааг нь худалдаж авах болон хууль ёсны гэрээ хийх олон арга бий. Энэ зуунд тэр бүх зүйл менежменттэй, бүгд хууль ёсны дагуу, хөрөнгө оруулагчийн мөнгө нь хамгаалагдчихсан, худалдаа арилжаа шинэ эрин рүү дэвшсэн болохоор хэн нэгнийг хулхидах боломжгүй. 
 
“Бид зөвхөн салхи, нараараа эрчим хүчээ зарахад л дэлхийн хамгийн баян орон болно”
 
-Бид худалдааны асуудал дээр их хол хаягдсан яваа юм шиг санагдлаа. 
 
-Дэндүү хол хаягдсан. Монголд гадаад худалдааны хууль, үзэл баримтлал гэж гарсан бичиг баримт алга байна шүү дээ. Ийм байж бид яаж гадаад худалдаагаа хөгжүүлнэ гэж ярих юм бэ. Мэдээж гадаад худалдааны бодлогын бичиг баримт, гадаад худалдаатай холбоотой экспортод чиглэсэн бодлого, үзэл баримтлал, үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон гадаад харилцааны үзэл баримтлал гээд байгаа. Тэр дунд нь гадаад худалдааны талаар жоохон юмнууд хавчуулагдсан, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох технологийг шингээх энэ тэр гэсэн жижүүрийн үгс тавьчихсан байгаа болохоос хэрэгжсэн зүйл үгүй. 
 
-Үүнийг жирийн хүн олж харахгүй юм байна. Та судалгааны ажлынхаа хүрээнд харж дээ. Цаашид ер нь яах ёстой вэ? 
 
-Бага зэрэг л зах зухаас нь харсан нь энэ юм. Тэрнээс яг худалдааны мэргэжилтэн энэ тэр бол тэр яаман дээрээ л байгаа шүү дээ. 
Бид дэлхийн худалдааны сүлжээнд нэгдье гэвэл түрүүн хэлсэнчлэн боловсон хүчинтэй болох, төрийн тогтвортой байдлаа хангах хэрэгтэй. 
Би судалгааны ажлын явцдаа хэд хэдэн нөхцлүүдийг харлаа. Гадаад худалдааг хөгжүүлэхэд нийгмийн хөгжил чухал үүрэгтэй. Үүнд хүний эрх, тогтвортой хөгжил, нийгмийн шинэчлэл, сайн засаглал, хээл хахууль, хүнд суртал, цаг агаарын өөрчлөлт, ажиллах хүч, далд эдийн засаг гэх мэт бөгөөд бүгдийг сайжруулах ёстой. Муу байвал худалдааны үйл ажиллагаанд саад болдог.   Мөн улс хоорондын харилцаа гэж бий. Үүнд улс төрийн, ард түмний, соёлын, шинжлэх ухааны харилцаа,  зээл тусламж гэх мэт багтана. Энэ харилцаануудыг хөгжүүлэх ёстой. 
Бас худалдааны хөгжил буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, шууд болон шууд бус хөрөнгө оруулалтыг татах, банк санхүүгийн систем сайн байх нь чухал юм. 
Монголд үйлдвэрлэлийн хөгжил сул байна. Японы судлаачид манай ноолуурын салбарт судалгаа хийгээд сул зогсолт их, ажилчдынх нь чадвар сул, тоног төхөрөмжийнхөө хүчин чадлыг бүрэн ашигладаггүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн маркетинг муу. Аль ч орны төрийн хүмүүстэй уулзаад л манайхаас ноолуур аваач гэдэг. Гэтэл тухайн орны зах зээл, хүмүүсийн хэрэглээг судалж үзвэл төрийн оролцоогүй ч ноолуураа зарна шүү дээ. Энэ бол зөвхөн нэг салбар дээр байгаа асуудал, гэхдээ манайдаа л мундаг, хөгжсөн салбар гэж бодохоор учир дутагдалтай. 
Бид ложисткийн асуудал, глобал худалдаа, Евро-Азийн эдийн засгийн холбоо, Их дөрвийн санаачилга, Ази номхон далайн худалдааны хэлэлцээр, Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Орос Монголын эдийн засгийн коридор гэх мэт асуудлыг бүгдийг нь анхаарах хэрэгтэй. 
 
“Улс төрийн тогтворгүй байдлын улмаас Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Монгол шиг төрийн бодлого нь нааш цааш савладаг оронд хэн мөнгөө авчиръя гэж бодох юм бэ. Ер нь дэлхийн олон хүн хулхидуулаад л гараад явсан шүү дээ”
 
-Эдийн засгийн коридорын талаар их таатай мэдээллүүд гарсан. Хэзээ бид үр ашгийг нь хүртэх бол? 
 
-Эдийн засгийн коридор нь Орос, Монгол, Хятад гурвын дундуур нь тавьсан гүүр. Тэр гүүрэн дээгүүр л бүх худалдаа наймаа явагдана. Гүүрээр эн зэрэгцэн явахын тулд бид хоёр хөрштэйгээ сайн ойлголцож, хамтран ажиллах ёстой. 
Эдийн засгийн коридорын хүрээнд төмөр зам, авто зам, эрчим хүч гэсэн гурван том зорилтыг тавьсан байгаа. Энэ гурван шугамыг Орос, Монгол, Хятад гурван орныг дамнуулсан томоохон төсөл төлөвлөгдсөн, явагдаад эхэлчихлээ. Дээрээс нь Зүүн хойд Азийн улсуудын сэргээгдэх эрчим хүчний гээд том сүлжээ бий. Эрчим хүчний гол эх үүсвэр нь салхи, нарны эрчим хүч гаргадаг Монгол болж байна. Бид зөвхөн салхи, нараараа эрчим хүч гаргахад Хятадын хэрэгцээг бүрэн хангаж чадна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн тэр эрчим хүчээ зарахад л бид дэлхийн хамгийн баян орон болно. 
 
-Одоо тэгээд салхи нараа яаж ашиглах вэ, боломж нь юу юм бол?
 
-Энэ асуудал одоо эрчим хүчний яаман дээр байж л байгаа байх. Монгол, Японы хооронд хэлэлцэгдэж буй том асуудлын нэг нь сэргээгдэх эрчим хүч бөгөөд Монголын говийн салхинаас жилдээ 682 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо байдаг юм. Үүнтэй холбоотойгоор Японы Софт банк, Өмнөд Солонгосын КЕПКО, Монголын Ньюком компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний “Азийн эрчмийн супер сүлжээ” төслийг санаачилж, хэрэгжүүлэхээр судалгаагаа эхлүүлсэн. 2016 онд Японы “Софт” банк, Өмнөд Солонгосын “Кепко”, Хятадын “Стэйп Грид”, Оросын “Россети” компанийн төлөөлөгчид Зүүн хойд Азид цахилгаан дамжуулах шугам барих Техник эдийн засгийн үзүүлэлтийг хийх санамж бичиг байгуулсан байдаг.
 
-Сайхан боломжууд байгаа л юм байна.
 
-Энэ төсөл хэрэгжээд эхэлчихсэн, Солонгосоос далай доогуур 3000 метрийн гүнээр кабел татах гэж байна шүү дээ. Дэлхийн технологийн хөгжил асар хурдтай болчихлоо. Тэгээд дээрээс нь манай Таван толгойн нүүрс гэхэд ямар их баялаг гэж санана. Хэдэн тоо хэлье л дээ. Тус орд зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Одоо тонныг нь 70 доллар орчмоор зарж байгаа. За бүүр больё, 50 доллараар зарахад 320 тэрбум доллар. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 тэрбум байдаг. Тэр мөнгө л Монголыг 32 жил тэжээнэ. Монголын нийт нүүрсний нөөц 167 тэрбум тонн шүү дээ. Тэгэхээр Монгол бол зөвхөн нүүрсээ зарахад хязгааргүй баян болох улс. Бидэнд зөв бодлого явуулбал асар их боломж байна. 
 
-Нэг залуу эрдэмтэй хүн ингээд л яриад сууж байна. Гэтэл төр маань бужигнаад, хэрэлдээд, энэ асуудлыг огт мэдэхгүй мэт байх юм?
 
-Хаа хаанаа л бодож, сэтгэж байгаа. Гэхдээ Монголчуудын эв түнжингүй байдал, тамын тогооны үлгэр л манайхныг урагш явуулахгүй байна. Чи наад нүүрсээ ухах гэж байна уу, болохгүй, би ухна, эсвэл чи ийм төсөл санаачилсан уу, болохгүй, би хийнэ гэдэг. Түүнээс биш тэр дээр байгаа хүмүүс энэ боломжийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Шийдвэр гаргагчид судалгаагүй ажиллаж буй нь их учир дутагдалтай харагддаг. 
 
Г.ПҮРЭВСҮРЭН
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин