КАИР./France Presse/. Иракийн Ерөнхийлөгч Бархам Салех Их Британийн иргэншлээс татгалзсан тухай тус улсын ерөнхийлөгчийн тамгын газар ням гарагт мэдээлэв.
Мэдээлэлд дурдсанаар, төрийн өндөр дээд албан тушаалтан өөр орны иргэншил авахыг хориглосон тухай Үндсэн хуулийн заалттай холбоотойгоор Иракийн төрийн тэргүүний албанд саяхан томилогдсон Бархам Салех Их Британийн иргэншлээс татгалзсан байна. “Саддам Хусейний дэглэмийн үетэй холбоотой сөрөг хүчний үйл ажиллагаа явуулж байх үед нь иргэншил олгосонд тэрбээр Их Британийн эрх баригчдад талархлаа илэрхийлсэн” гэж Иракийн ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлэлд дурджээ.
Бархам Салехыг Иракийн парламент энэ оны 10 дугаар сарын эхээр Ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон байна. Тэрбээр урьд нь Иракийн Курдистаны Засгийн газрын тэргүүний албыг хашиж байжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг