sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Өөрчлөлт, нээлтийн бодлого нь Хятадын үндэсний сэргэн мандалтын эрин үеийн эхлэл юм гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин уг бодлогыг хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан Бээжин хотын Ардын их хурлын ордонд мягмар гарагт болсон баярын хурлын үеэр мэдэгджээ.
“Өөрчлөлт, нээлтийн бодлого баримталж, Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлсэн нь үндэсний сэргэн мандалтад чухал алхам болсон” гэж Хятадын дарга мэдэгдсэн байна. Энэ замын чухал чиглэлийн хувиар Си Жиньпин мөн 1921 онд Хятадын Коммунист Нам /ХКН/ болон 1949 онд БНХАУ байгуулагдсан явдлыг нэрлэжээ.
“Шинэчлэл, гадаад нээлттэй байдлын бодлого нь Хятадын ард түмэн болон Хятад улсын хувьд аугаа хувьсгал юм. Энэ хувьсгал нь Хятадын онцлогтой социализмыг урагш ахиулахад хүчтэй түлхэц өгсөн” гэж Си Жиньпин цохон тэмдэглэсэн байна.
Хятадын түүхийн бичгээс үзвэл, улс төрийн шинэчлэл, гадаад нээлттэй байдлын бодлогыг 1978 оны 12 дугаар сарын 18-22-ны хооронд болсон ХКН-ын Төв хорооны 11 дэх удаагийн III бүгд хурлын дараа хэрэгжүүлж эхэлжээ.
Уг санаачилгыг “шинэчлэлийн архитектор” Дэн Сяопин болон Хятадын удирдлага дахь “прагматистууд” гэж нэрлэдэг түүний хамтран зүтгэгчид санаачилсан байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг