sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. БНХАУ-тай худалдааны хэлэлцээр байгуулахгүй бол “Apple” зэрэг Америкийн компаниудын ашиг орлого буурах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх бөгөөд ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга Кевин Хассет “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Хассетын мэдэгдэж байгаагаар, АНУ Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулвал “Apple” болон бусад компанийн борлуулалт эргэн өсч, өмнөх түвшиндээ хүрэх аж. Түүнчлэн тэрбээр Хятад болон Азийн хэд хэдэн улсын эдийн засгийн өсөлтийн хурд өнгөрсөн оны хавраас эхлэн удааширсныг онцлон тэмдэглэжээ.  
“АНУ-ын эрх баригчдын ногдуулсан импортын татвараас үүдэлтэй цохилтыг Хятад улс мэдэрч байгаа бөгөөд энэ бүхэн нь “Apple" төдийгүй Америкийн бусад компанийн ашиг орлогод нөлөө үзүүлж байгаа” гэж Хассет ярьсан байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг