sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техас муж улстай хил залгаа Мексикийн хил дээр очиж, хилийн дагуу хана барих зайлшгүй шаардлагатай гэж дахин мэдэгдсэн байна.
Хилийн дагуу хана барих санхүүжилтийн асуудлаар Д.Трамп Конгрессийн танхимын Ардчилсан намын гишүүдтэй зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн түр зогсоод буй энэ үед тус улсын Ерөнхийлөгч хил дээр очсон юм.
АНУ-ын төрийн тэргүүн Макаллен хотын Хилийн эргүүлийн газрын ажилтнуудтай уулзаж, хилийн дагуух хана ган эсвэл бетон байхаас үл хамааран үүнийг барих нь зайлшгүй шаардлагатай гэж хэлсэн байна.
Мөн тэрбээр, өөрийг нь хилийн хямрал үүсгэж байна хэмээн буруутгаж байгаа Ардчилсан намын гишүүд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шүүмжилжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг