sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн мягмар гарагт Зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчидтэй уулзаж, ирэх сарын 10-15-нд цэргийн томоохон сургуулилт явуулахаа мэдэгджээ.
“Бид өмнөх ажиллагаануудаас туршлага судалж, улс оронд аюул учруулж болзошгүй хувилбаруудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй” хэмээн Н.Мадуро хэлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хугацаандаа Венесуэлийн цэргийн хүчин чадлыг бэхжүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Николас Мадуро өнгөрсөн пүрэв гарагт албан тушаалдаа албан ёсоор орсон билээ. Тэрбээр Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн хяналтанд байдаг Үндэсний ассамблейд бус, Дээд шүүхэд тангараг өргөсөн юм. Үндэсний ассамблейг Венесуэлийн цор ганц хууль ёсны байгууллага гэж АНУ үзэж байгаа бол Ерөнхийлөгчид захирагдахгүй байхыг Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо Зэвсэгт хүчинд уриалж байгаа аж.
Өмнө нь Америкийн улсуудын байгууллага мөн “Лимагийн бүлэг”-ийн орнууд болох Аргентин, Бразил, Гайана, Гватемал, Гондурас, Колумб, Коста-Рика, Панам, Парагвай, Перу, Сент-Люси, Чили болон Канад улс Мадурогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн юм.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг