sonin.mn
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль Умард Солонгос-Америкийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хэлэлцээ хийхээр пүрэв гарагт Вашингтон хотноо хүрэлцэн очно. Энэ тухай телевизийн "KBS" суваг мэдээлжээ. 
АНУ болон БНАСАУ өндөр дээд түвшний уулзалтын бэлтгэлийг хангаж дуусч байна гэж өмнө нь БНСУ-ын "Chosun Ilbo" сонин мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, Ким Ён Чоль АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийх үеэрээ тус улсын нутаг дэвсгэрт хүрч цохилт өгөх хүчин чадалтай, цөмийн цэнэгт хошуу тээгч тив алгасагч баллистик пуужингуудыг устгах эсвэл улс орноосоо гаргасны хариуд БНАСАУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүдийг хэсэгчлэн хүчингүй болгох санал тавьж магадгүй байна.
Майк Помпео 2018 онд Пхеньянд хэд хэдэн удаа айлчилсан билээ. Тэрбээр хамгийн сүүлд Ким Ён Чольтой өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр уулзахаар товлосон байсан боловч “хуваарь зөрсөн” гэх шалтгаанаар гэнэт цуцалсан юм.
АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон юм. Уулзалтын дүнд хоёр орны удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Уг мэдэгдэлд Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад зарчмын хувьд бэлэн байгаагаа дурдсан бол АНУ үүний хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгох үүрэг хүлээсэн. Гэсэн хэдий ч талууд Сингапурын уулзалтын дүнд гаргасан мэдэгдэлд зорилтоо тодорхойлоогүй юм.
Ким Жөн Унтай хийх дараагийн уулзалт 2019 оны нэг эсвэл хоёрдугаар сард болно гэж Трамп өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлсэн билээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг