sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо хоёр өдөр чуулсан “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрхзүйн шинэчлэл” чуулганд ирж оролцсон Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзаж төрийн албаны шинэчлэлийн талаар  байр суурийг сонсов.
Тэрбээр, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцүүлэн уялдуулах талаар чуулганаар ярьж хэлэлцсэн нь их зөв зүйтэй байлаа. Орон нутгийн түвшинд төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийг хийх цаг нь болсон” гэдгийг хэлж байв.
 
-Төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийг орон нутагт ямар хэлбэрээр яаж хийвэл зохистой байна вэ?
 
-Жишээ нь, багийн Засаг даргыг Иргэдийн нийтийн хурал биш иргэд нь шууд сонгодог байх ёстой. Сумын Засаг даргыг ч мөн адил сумын ИТХ нь биш иргэд нь сонгодог байх тогтолцоо руу шилжих цаг болсон. Нөгөө талаар сумын Засаг даргыг бас аймгаас баталгаажуулаад томилдог байж болно. Ийм өөрчлөлтийг хийхгүй бол хөдөө, орон нутагт улстөржилт дэндүү хавтгайрч, ах дүү хамаатан садан, найз нөхөд сумаараа муудалцаж талцдаг байдал бий болсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс шууд иргэдээсээ сонгодог байдлаар явбал зүгээр юм болов уу гэсэн бодолтой байна. Ингэхгүй бол сүүлийн үед сумын Засаг дарга гэхэд ИТХ-ын төлөөлөгчдөдөө барьцаалагдсан юм шиг байдал ажиглагдах болсон.
 
Өнөөдөр манай улсад мянгахан хүн амтай жижиг сумууд их байна. Манай аймагт ч байна. Ийм нөхцөлд Иргэдийн нийтийн хурал болон ИТХ-д заавал 21 төлөөлөгчийг сонгоно гэдэг амьдралд нийцэхгүй байна. 
Саяын чуулган дээр төрийн албаны шинэчлэлийг хөндөхдөө төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллаж, улстөрөөс ангид байлгах, дээр нь орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар хууль, зөвлөмжид тусгахаар болж байгаа нь их зөв, зүйтэй шийдвэр боллоо. Энэ дээр аймаг, орон нутагт гардаг “зовлонг” яривал аймаг, орон нутагт дээрээс буюу Засгийн газар, төрийн яамд, агентлагуудаас маш их үүрэг чиглэл өгч олон журам, төсөл хөтөлбөрийг мөрдөж хэрэгжүүл, сумдаас судалгааг авч явуул, сум бүрт баг гаргаж хөтөлбөрийн биелэлтийг хангаж ажилла гэсэн үүрэг даалгаврыг их өгдөг.
Тэгсэн хэр нь тэдгээрийг газар дээр нь хэрэгжүүлж бителүүлэхэд хүлээх хариуцлагыг тодорхой зааж өгдөггүй. Д Хэрэгжилтийг дагалдах хөрөнгө мөнгийг суулгаж өгдөггүй, баахан л цаас үйлдвэрлээд байдаг. Гэтэл хэрэгжилтийг хангах хөрөнгө мөнгө нь орон нутагт байхгүй учир аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө руу орохоос өөр аргагүй болдог. Тиймээс цаашид яам, агентлагаас олон төсөл хөтөлбөр гаргаж байгаа бол дагалдах мөнгийг нь орон нутагт хэрэгжүүлэхэд суулгаж өгч санхүүжилтийн асуудлыг давхар шийдэж өгмөөр байна. Ингэж ажиллавал дээрээс гарсан шийдвэрүүд доод түвшинд хүрч хэрэгжинэ.
 
-Сангийн яамнаас аймаг, орон нутагт очих санхүүжилтийн хөрөнгө нэмэгдсэн талаар мэдээлж байна. Зарцуулалтыг хэрхэн шийдэж байна вэ?
 
-Манай аймгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Ер нь бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутагт нь үлдээж байгаа. Манай аймагт Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө өнгөрсөн онд хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Ингээд нийт 4.5 тэрбум төгрөг болсон. Тэрийг нь 14 суманд хуваагаад үзэхэд нэг суманд 200 сая төгрөг ногдож байгаа юм. Түүнийг вунд, хэрхэн зарцуулахыг сумын ИТХ, Засаг дарга нар иргэдээсээ саналыг нь авч эрэмблээд шийддэг. Бусдаар Орон нутгийн сангийн мөнгийг аймгийн Засаг дарга нь шийдэж хуваарилдаггүй, дээрээсээ буюу Сангийн яамнаас сумдад хуваарилалтыг нь шууд заагаад явуулдаг, бид зөвхөн дамжуулах үүрэг хүлээдэг юм. Мөнгөний хувьд үнэндээ 200-300 сая төгрөг гэдэг нэг суманд 10 худаг гаргах хэмжээний л хөрөнгө байгаа юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө гэдэг тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт уул уурхай эрхэлж буй ААН-үүдээс Газрын нөөц ашигласны татварыг авч дахин хуваарилж байгаа л хэлбэр юм. Ер нь уул уурхай ихтэй орон нутгийн иргэд баялгийг тодорхой хэсгийн илүү хүртэх ёстой. Наад зах нь байгаль орчин, газар нутгаа сэргээх учиртай. Энэ үүднээс Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг уул уурхайтай аймгуудад илүү хуваарилж хүртээх хэрэгтэй байна.
 
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг