Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт тусгасан байна. Мөн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр тусгасан байна. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 11-нд хэлэлцсэн гэдгийг Ж.Батзандан гишүүн танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан О.Баасанхүү, Ж.Эрдэнэбат нарын гишүүн асуулт асууж, саналаа хэллээ. Уг хуулийн төслийг баталснаар УИХ-ын дархлаа сулрах магадлалтай гэдгийг гишүүд дурдлаа. Мөн УИХ-ын даргыг огцруулсны дараа энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй хэмээсэн юм.
Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөгийн УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан бол Ерөнхийлөгчид хууль санаачлах шаардлагагүй байсан гэлээ.
Мөн хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураав. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүний гаргасан “УИХ-ын даргыг нийт гишүүдийн 66 хувь буюу 3/2-ийн саналаар чөлөөлнө” гэсэн заалт оруулах саналыг олонх дэмжсэнгүй.
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 18.00 цагт хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг