sonin.mn
КАРАКАС. /Mercopress/. Венесуэлийн Үндэсний ассамблейн ерөнхийлөгч, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог тус улсын хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг “CNN” агентлаг мэдээлжээ.
Энэ сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн Николас Мадурог эсэргүүцсэн жагсаал орон даяар зохион байгуулахыг Венесуэлийн сөрөг хүчин уриалсан байна. Мөн Николас Мадурог Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа хэд хэдэн улс орон, олон улсын байгууллагууд түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн байна.
АНУ-ын Засаг захиргаа Хуан Гуайдо болон сөрөг хүчний гишүүд олонх болсон Үндэсний ассамблейг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн хэдий ч тэрбээр хараахан тангаргаа өргөөгүй байгаа билээ. Үүнээс гадна Венесуэлийн Үндсэн хуульд зааснаар Хуан Гуайдо тус улсын хууль ёсны Ерөнхийлөгч болох боломжтой ажээ. Тэрбээр орон нутгийн цагаар лхагва гарагт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөөр төлөвлөсөн тухай “CNN” агентлагийн мэдээлэлд дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг