sonin.mn
МОСКВА. /ТАСС/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-аас эргэн ирсэн төлөөлөгчидтэйгээ уулзжээ. Төлөөлөгчдийг тэргүүлсэн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захидлыг Ким Жөн Унд дамжуулан өгсөн байна. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
Ким Жөн Ун Төв хорооны нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа Вашингтонд болсон яриа хэлэлцээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд шаардлагатай арга замуудыг тодорхойлсон байна. Үүний зэрэгцээ хоёр дахь дээд хэмжээний уулзалтад Д.Трамп ихээхэн анхаарал хандуулж, асуудлыг шийдвэрлэх замд сэтгэл шулуудсан онцгой хүсэлтэй байгааг нь тэрбээр өндрөөр үнэлжээ.  
Хоёр улсын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт ирэх сарын сүүлчээр болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг