sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. Сирид төвтэй, Ираныг дэмждэг зэвсэгт хоёр бүлэглэлийн гишүүд болон Ираны агаарын тээврийн “Mahan Air” компанитай холбоотой хоёр компанийн эсрэг хориг тавьсан тухай АНУ-ын Сангийн яам пүрэв гарагт мэдээлэв.
Сирид төвтэй зэвсэгт хоёр бүлэглэлийн гишүүдийн дийлэнх нь Иранд суурьшсан Афганистан, Пакистаны дүрвэгч, цагаач иргэд бөгөөд тэд Ираны хувьсгалт гвардад /IRGC/ элссэн байжээ.
Мөн Ираны агаарын тээврийн “Mahan Air” компанитай холбогдсон “Qeshm Fars Air” болон Арменид төвтэй “Flight Travel LLC” компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна. Эдгээр компанийг Ираны хувьсгалт гвардын гишүүдийг дэмжиж, Сири дэх салбар руу нь хүн хүч болон зэвсэг тээвэрлэсэн хэмээн буруутгаж байгаа аж.
“Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд болон гадаадын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авсан нь терроризмыг экспортолж, дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлэх аюул бүхий хууль бус сүлжээг таслан зогсоох зорилготой кампанит ажлын нэгээхэн хэсэг юм” гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин хэлжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг