sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн АНУ хүлээн зөвшөөрснийг ОХУ шүүмжилж буй энэ үед БНХАУ, Турк, Сири зэрэг орон ОХУ-тай ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ сарын эхээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь эхэлж, тангараг өргөсөн Н.Мадурог дэмжиж буйгаа дээрх орнууд мэдэгдсэн байна.
“Бид зөвхөн АНУ-д биш бүх улс оронд анхааруулж байна. Гэхдээ улс орнууд энэ асуудлын талаар бидэнтэй ижил байр суурь илэрхийлж болно” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Сергей Рябков телевизийн “CNN” сувгийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр, АНУ Х.Гуайдог хүлээн зөвшөөрсөн нь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал гэж хэлжээ.
Үүний зэрэгцээ Их Британи, Канад, Бразил, Коста Рика, Аргентин, Перу, Колумби, Эквадор, Чили, Испани зэрэг 10 гаруй улс болон Америкийн улсуудын байгууллага мөн АНУ-тай ижил байр суурь илэрхийлээд байгаа юм. Гэсэн хэдий ч ОХУ-ын холбоотон орнууд лхагва гарагт өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарласан 35 настай Х.Гуайдог дэмжихээс татгалзсан байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг