sonin.mn
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс  хэрэгжиж эхэлсэн.  Энэ хуулиар Төрийн албаны зөвлөл буюу ТАЗ таван гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар болсон юм.   Тэдний гурвыг нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлж томилуулах бол үлдсэн хоёрыг нь төрийн албан хаагчид дотроосоо томилохоор болсон билээ.  Ялангуяа ТАЗ-ийн даргыг гишүүдийн олонхийн саналаар томилно гэжээ.
Тэгвэл энэ хууль хэрэгжиж эхэлсэн ч ТАЗ-ийн бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй байна.  ТАЗ-ийн одоогийн дарга Б.Цогоогийн бүрэн эрхийн  хугацаа ч дуусчээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ салбарт  нэлээд шинэчлэл яригдаж байгаа. Мөн шинэ хуулиар ТАЗ-ийн эрх үүргийг нэлээд тэлж өгсөн. УИХ-ын чуулган, байнгын хороодоор хуулийг дагалдан гарах дүрэм журмыг ч хэлэлцэж, баталсан.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч төрийн албан хаагчдад үүрэг даалгавар өгч, хариуцлагатай  шударга ажиллахыг үүрэг болгосон байгаа.  Гэвч одоогийн ТАЗ төрийн албан хаагчдыг төлөөлөх, тэдэнд үүрэг чиглэл өгөх хууль эрх зүйн үндэслэлгүй юм.
ТАЗ одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Б.Цогоог 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэлтээр ТАЗ-ын даргаар томилж байв.  Түүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 10-наар дуусгавар болсон байдаг.  Бүрэлдэхүүнд Төрийн албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Б.Баатарзориг, С.Цэдэндамба, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар багтаж байна.
Одоо долоон гишүүнтэй үйл ажиллагаа явуулж буй Төрийн албаны зөвлөлөөс хоёр гишүүнийг нь үлдээж гурван хүнийг шинээр томилохоор яригдаж байгаа юм байна. Учир нь, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлэн томилсон хоёр гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм.  Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг намрын чуулган завсарлахаас өмнө томилохоор төлөвлөсөн ч одоогоор ямар ч нэр орж ирээгүй байна. Шинэ хуулиар ТАЗ-ийн эрх мэдлийг  нэмэгдүүлсэн талаар дээр тэмдэглэсэн. Тэгвэл  шүүх  төрийн албан хаагчийг ажлаас нь хууль бусаар халсан гэж тогтоовол, төрд учруулсан хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх тухай заалт орсон байна. ТАЗ өөрийн болон шүүхийн шийдвэрийн биелэлтэд бүртгэл хөтөлж, төрд учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болжээ. Тус зөвлөл ийм эрх эдлэхийн зэрэгцээ төрийн албанд хүний нөөцийн аудит хийж, гарсан зөрчлийг арилгуулах эрх мэдэлтэй болж байгаа юм байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин