sonin.mn
“Бизнес, хөгжил” булангийн зочноор Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаярыг урьж ярилцлаа.
 
-Компанийн засаглалын үндэсний зөвлөл байгуулагдаад 10 орчим жил болсон байна. Энэ хугацаанд үндэсний компаниуд хэрхэн өсч, хөгжиж байна вэ?
 
-Бизнесийн гол суурь нь компанийн засаглал. Олон улсын судалгааны байгууллагын хэлснээр засаглалтай холбоотой асуудлыг сайжруулснаар компаниуд засаглалын дээд хэлбэрт шилжиж улмаар улс орон хөгжинө гэж үздэг. Үүний дагуу 2011 онд Засгийн газрын 69 дүгээр тоот тогтоол гарч Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороонд хариуцуулсан юм. Тэр үед миний бие тус хорооны гишүүнээр томилогдож  компанийн  засаглалын үндэсний зөвлөл байгуулж  компанийн засаглалын хуулийн төслийг боловсруулж  ажилласан.  Тухайлбал, компаниудыг засаглалын сургалтад хамруулж гэрчилгээ олгох, Хараат бус ТУЗ-ийн гишүүдийг мэргэжлийн байгууллагаар сонгон шалгаруулах, нээлттэй ил тод байдлыг хангуулах, засаглалын үнэлгээ хийх, хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргааныг зохицуулах олон ажлыг хийсэн. 2016 оноос Компанийн засаглалын үндэсний зөвлөл болж өргөжсөн. Хөтөлбөрийнхөө хүрээнд төрийн болон нийтийн хувьцаат компаниудын засаглалын асуудлаар ажиллаж байна. Ил тод нээлттэй байдлыг хангуулах зорилгоор цахим хуудас, “Сайн засаглал” сэтгүүл гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Монголын үндэсний телевизээр “Сайн засаглал” цуврал нэвтрүүлэг хийсэн. Засаглалыг сайжруулахад төрийн байгууллагаа шахахаас илүүтэй компаниуд өөрсдөө тухайн асуудлыг таньж мэдэн нэвтрүүлэх шаардлагатай. Энэ үүднээс манай зөвлөл тусдаа бие дааснаар компаниудтай илүү ойр, тулж ажиллахад дөхөм болсон. Ингэснээр компаниудын засаглалд үнэлгээ хийж байна. Үнэлгээ хийснээр тухайн компанийн ил тод, нээлттэй байдлыг хэр хангаж байгааг мэдээлж хуулийн хүрээнд дэмжин тусалж ажилладаг.
 
-Манай үндэсний  компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгож хөрөнгө босгож эхэллээ. Иргэд тус компанийн хувьцаа эзэмшигч болохыг хүссэн ч итгэл дундуур байгаад байх шиг байна?
 
-Иргэн эхлээд тухайн компани хэдий хэмжээний хөрөнгө босгох гээд байгаа юм. Босгосон хөрөнгөөрөө ямар төсөл хэрэгжүүлэх юм, ингэснээр үйл ажиллагаа нь яаж өөрчлөгдөх юм, та энэ компанийн хувьцаа эзэмшигч болсноор ямар хэмжээний ногдол ашиг авах юм. Ямар байдлаар зах зээл нь өргөжих юм гэх зэргээр судлах хэрэгтэй. Харин компаниуд дүрэмдээ анхаарах шаардлагатай. Тухайлбал, ногдол ашгийн төлөвлөгөө бий юу. Жил бүр хувьцаанаас ногдол ашиг тараах уу, үгүй юу. Түүнчлэн хувьцаа эзэмшигчиддээ мэдээллийг тогтмол хүргэж байх ёстой. Мөн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс байх юм. Хараат бус гишүүнд ямар хүмүүс орох юм. Аудитын хорооны үнэлгээ гэх мэт тогтолцооны асуудал хамгийн чухал анхаарах асуудал. Засаглалын хувьд үндсэн гурван зүйлийг л онцолдог. Үүнд үнэт зүйл буюу хөрөнгө оруулагчийн итгэл үнэмшил. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт босгож түүнийгээ төслүүддээ зөв зарцуулах уу, тэдний хяналт дор байж чадах уу. Хамтын удирдлагад тэднээс оролцуулж шийдвэр гаргахад оруулах уу гэдэгт хувьцаа гаргаж байгаа хөрөнгийн эзэд нухацтай сайн ойлголттой, итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй.  Хоёрдугаарт, хувьцаа гаргачихлаа цаашид хөрөнгө оруулалтын болон ТУЗ-ийн гишүүдийн бодлого ямар байх юм. Ямар хүмүүсийг ТУЗ-даа оруулбал стратеги төлөвлөлтөд хүрч чадах юм. Эцэст нь дүрэм, журмаа хэрэгжүүлж буй тогтолцоонд тавих хяналт. Сүүлийн үед гэр бүлийн компани байж байгаад олон нийтэд ил тод, нээлттэй компани болдог. Тэгсэн хэрнээ хөрөнгийн эздийн сэтгэлгээ хуучнаараа байгаад байна. Өмнө нь банкнаас өндөр хүүтэй зээл авч байхаар хувьцаа гаргаж хөрөнгө босгоё гэдэг байв. Гэтэл одоо зайлшгүй хамтын удирдлагыг хэрэгжүүлэх хуультай болсон. Хувьцаа эзэмшигчдийн өмнө ил тод байх, тайлангаа тавих гээд дүрэм журмаа биелүүлэхээс өөр аргагүй. Хөрөнгийн биржид одоогоор нээлттэй 250 гаруй компани бий. Компанийн үнэт цаасны мэдээллийн ил тод байдлын журмаар жилийн үйл ажиллагааны тайланг заавал гаргаж тайлагнах ёстой. Жишээлбэл, ТУЗ хэдэн удаа хуралдсан, ямар асуудал хэлэлцсэн тайлан, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй эздийн мэдээлэл. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид гээд бүх мэдээллийг тайлангаар мэдээлнэ. Гэвч өнөөдрийн байдлаар нэг ч компани энэ мэдээллээ ирүүлээгүй. Түүнчлэн ямар тайлан гаргах дүрэмтэйг хувьцаа эзэмшигчид нь мэддэггүй. Ингэхээр мэдээллийн ил тод байдал нь хангалтгүй болохоор иргэд итгэл дундуур байна. Тэгэхээр эхний төвшинд журмаа хэрэгжүүлдэг болох хэрэгтэй. Хөрөнгийн бирж гаргасан журмуудаа хэрэгжүүлэхэд компаниуд шаардлага тавьж ажиллах хэрэгтэй. Манайх засаглалыг сайжруулах талаар Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах талаар санаачлага гаргасан.
 
-Дөнгөж хувьцаа гаргаж эхэлсэн даруйдаа мэдээллээр “бөмбөгдөөд” л байдаг. Гэтэл удалгүй хөрөнгөө босгочихоод “амандаа ус балгасан мэт” алга болчихдог хэмээн эгдүүцэх иргэн бий. Тэгвэл хувьцаа эзэмшигчдийг тогтмол мэдээллээр хангах системд хэрхэн шилжих вэ?
 
-Хувьцаагаа худалдчих юм бол худалдан авсан этгээд компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, ажил хийлгэхгүй гэсэн ойлголттой яваа нэгэн ч бий. Хүссэн ч, хүсээгүй ч хөрөнгийн зах зээлд 20  жил явж ирсэн компани хөгжлийнхөө дараагийн үе шат руу шилжих зайлшгүй шаардлага тулгардаг. Хувьцаагаа олон нийтэд худалдаж сайн засаглалтай хувьцаат компани болж байж хувьцаа нь нэмэгдэж, түүнийгээ үр хүүхэддээ өвлүүлэх нь үр дүнтэй. Монголд мөнгөө босгоод гадаадад хөрөнгө оруулах ч үр өгөөжтэй. Хуульд хариуцлагын маш чухал заалттай. “Нийт хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн нэг хувиас дээш хувьцаа эзэмшвэл компанийг алдагдалд оруулсан эрх бүхий албан тушаалтнаас хохирлыг шаардах, нөхөн төлүүлэх эрхтэй. Мөн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмших юм бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Энэ бүхэн хуульд байгаа компаниуд ойлголт багатай учраас хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж чадахгүй байна. Хувьцаат компаниуд өөрийн дураар үйл ажиллагаа явуулж хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдаад байна. Гэхдээ “Говь”, “АПУ” компани хуулийн дагуу тайлангаа тавьж, засаглалын үнэлгээгээ хийж байгаа. Тэд хувьцааны давуу талыг ойлгосон “сайн” компаниуд гэсэн үг. “АПУ” компанийн хувьцаа өнөөдөр хэд дахин нэмэгдсэн билээ. Энэ чинээгээр хувьцаа эзэмшигчид нь хөрөнгөтэй болоод байгаа юм. Гэвч зарим том компанийн хувьцааг зөвхөн гэр бүлийн хүмүүс нь 100 хувь эзэмших сонирхолтой байдаг. Гэхдээ сайн засаглалтай болсноор тухайн компани гэр бүлийнхээ явцуу хүрээнээс салж нийгмийн, түмний компани болж байгаагаар давуу юм.
 
-Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн тухайд дэлгэрүүлнэ үү?
 
-Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн хууль эрх зүйн орчин манайд байна. Гэхдээ  2019 онд төдийлөн шаардлага хангаад гараад ирэх мэргэжлийн хөрөнгө оруулагч эсэх нь харагдахгүй байна. Ийм шаардлага юун дээр үүсдэг вэ гэхээр их хэмжээний мөнгөн дээр хөрөнгө босгож мэргэжлийн ур чадвар шаардсан салбар руу хөрөнгө оруулалт хийхийг хэлнэ. Манайд  үүсэх хамгийн анхны хөрөнгө оруулагч Монголдоо хөрөнгөө босгож түүгээрээ гадаадын бусад зах зээлд  хөрөнгө оруулж  удирдах компани төрнө гэдэгт итгэлтэй байна.
 
 
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин