sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын дараагийн уулзалт Флорида муж улсад оршдог, Америкийн удирдагчийн эдлэн газар болох Мар-а-Лагод болж магадгүй гэж “Axios” цахим хуудсанд ням гарагт мэдээлжээ.
АНУ-ын Засгийн газар дахь тус цахим хуудасны эх сурвалжуудын мэдээлснээр, Трампын зөвлөхүүд холбогдох хэлэлцээг хийж байгаа бөгөөд Вашингтон болон Бээжин хоорондын худалдааны дайныг эцэс төгсгөл болгож магадгүй дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хамгийн өндөр магадлалтай газрын хувиар Мар-а-Лаго эдлэн газрыг нэрлэж байгаа аж. Үүний сацуу, хоёр эх сурвалжийн хэлснээр, уулзах газрыг хараахан товлоогүй байна. Трампын баг мөн Бээжин хотыг уулзалт хийх тохиромжтой газрын хувиар судалж байгаа гэж Америкийн Засгийн газрын бас нэг эх сурвалж мэдээлсэн байна.  
Си Жиньпинтэй уулзах өдөр болон газрыг хараахан товлоогүй байгаа боловч хоёр орны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах хугацаа дуусах өдөр буюу гуравдугаар сарын 1-нээс өмнө уулзана гэж Трамп өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдэгджээ. Си Жиньпин болон Трамп хоёр талын уулзалт хийх харилцан сонирхолтой байгаа нь тэдний уулзалтыг удахгүй зохион байгуулах боломж олгож байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан хоёрдугаар сарын 1-нд мэдээлсэн байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг