sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. Конгресс дахь бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан хэрхэн тохиролцохоос үл хамааран Мексик улстай залгаа хилийн дагуу хана барина гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техас муж улсад дэмжигчидтэйгээ уулзахдаа мэдэгдсэн байна.
“Бид ямар ч тохиолдолд хана босгоно. Тэд ахиц дэвшилд хүрсэн гэж ярьцгааж байна. Харин би Техас муж улс дахь өөрийн дэмжигчидтэйгээ уулзахаар явах хэрэгтэй байгаа учраас энэ талаар сонсохыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Тиймээс ямар ахиц дэвшилд хүрснийг хэлж мэдэхгүй байна” гэж тэрбээр хэлжээ. Арга хэмжээг телевизийн “Fox News” суваг шууд дамжууллаа.
АНУ-ын Ардчилсан нам болон Бүгд Найрамдах нам хилийн аюулгүй байдлыг хангах асуудалд зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ нь Засгийн газрын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 15-наас дахин түр зогсохоос зайлсхийх боломж олгоно гэж үзэж байгаа тухай урьд нь мэдээлсэн байна.
"Ассошиэйтед Пресс" агентлагийн мэдээлснээр, хууль тогтоогчид хана барихад 1.4 тэрбум орчим ам.долларыг төсөвт суулгах хувиралбарыг тохиролцжээ. Харин Трамп 5.7 тэрбум ам.доллар гаргахыг шаардаж байгаа юм. Хэрэв Трамп энэ хувилбарт гарын үсэг зурахгүй бол Конгрессын хоёр танхим хоёул энэ шийдвэрт дэмжлэг үзүүлэхийн тулд дор хаяж гурван гишүүний хоёр нь зайлшгүй саналаа өгөх ёстой.
Хилийн дагуу хана барих асуудлаар Конгресс болон Ерөнхийлөгчийн хооронд санал зөрөлдөж, төсөв батлагдаагүйн улмаас АНУ-ын төрийн байгууллагуудын 25  орчим хувь нь түүхэнд анх удаа үйл ажиллагаагаа нэг сар гаруйн хугацаанд түр эсвэл бүрмөсөн зогсоосон билээ. Эцсийн дүнд Трамп гурван долоо хоногийн хугацаатай түр төсөвт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн бөгөөд хугацаа нь энэ сарын 15-нд дуусгавар болно.
Трамп одоогоор хөрөнгө мөнгө гаргуулж чадаагүй байгаа боловч “ямар ч үнээр хамаагүй” хана барина гэж мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, тэрбээр Конгрессын зөвшөөрөлгүйгээр хана барих санхүүжилт авах боломжийг өөрт нь олгох онц байдал зарлана гэж сүрдүүлсэн билээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг