sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болох МСҮТ, политехник коллежийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр “Холлидэй Инн” зочид буудалд болж байна.
Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжлийн бодлоготой уялдуулан, тэргүүлэх чиглэлийн салбарын зонхилох мэргэжлээр төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн”-ийг тэмдэглээд, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа байсан Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийн газрыг татан буулгаж, ХНХЯ-нд бодлогын газар болгож, МСҮТ, политехник коллежийн ТУЗ-ийг аймаг, орон нутгийн удирдлага ахлаж байхаар зохицуулсан нь мэргэжлийн боловсрол, сургалтын элсэлтийг бүс нутаг, орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулсан”-ыг онцолж байв.
Цаашлаад, мэргэжлийн боловсрол, сургалтын “Багшийг компьютержүүлэх” төсөлд нийт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, МСҮТ, политехник коллежид суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлгийг олгохоор болж, үүнийг суралцагсдын дансанд цахимаар шууд олгохоор зохицуулж буйг дуулгасан юм. Түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтын багш, албан хаагчдын цалингийн тав хүртэлх хувийн урамшууллыг 10 хувь болгож, тэдний цалин хөлсийг 2018-2019 онд нийт гурван удаагийн дүнгээр 30.8 хувиар нэмээд байгааг хэлж байв.
Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр манай улсад хэрэгжиж буй “Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн удирдагч, хатагтай Беате Диппмар хэлэхдээ, “Чадварлаг залуус нь аливаа улс орны хөгжлийн түлхүүр байдаг. Өнөөдрийн болон ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй байдаг мэргэжилтэй ажиллагсад МСҮТ болон политехник коллежуудаас төрөн гардаг. Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг цаашид хөгжүүлэхэд төр, хувийн хэлшлийн түншлэлийг нэмэгдүүлэх нь бидний энэ оны гол ажил болоод буй”-г тэмдэглэж байв.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ, политехник коллежид 37 мянган суралцагч суралцаж, 4624 багш, ажилтан ажиллаж байна.
 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг