sonin.mn

Орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотой, АН-ын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ.

АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сонгуулийн дүн эцэслэж гараагүй байна. Зарим зүйлийг баталгаа, нотолгоотой хэлэх боломж бүрдсэн учир мэдээлэл хийж байна. Ерөнхийдөө АН орон нутгийн сонгуульд хавтгай ялалт байгууллаа гэж үзэж байгаа. 2008 оны сонгуульд АН 4 аймаг, нэг дүүрэг буюу 30 нэгжээс 5-д нь ялж байсан. 

 

Өчигдрийн сонгуулийн дүнд бүх аймгийн гуравны хоёрт нь ялалт байгуулж байна. Дүүргүүдээс Багахангайгаас бусад дүүрэгт ялалт байгуулж байна. Зарим нэг дүүргийн хэсэгт ирцгүй байгаа  боловч санал тоолсон дүнгээс үзэхэд АН олонх саналыг авсан байна. Үүнээс үзэхэд АН Монголын түүхэнд анх удаа ийм ялалт байгууллаа. Ард иргэд орон нутгийн сонгуульд анх удаа  АН-ыг олуулаа биш олонхуулаа болгож чадлаа.

 

Тиймээс ийм итгэл хүлээлгэж,  зарим газар цастай хэцүү байсан ч иргэд сэтгэл зүтгэл гаргаж ирж, саналаа өгч, ялалт байгуулахад дэмжиж өгсөнд сонгогчиддоо гүн талархал илэрхийлье. Одоо бид эрч хүчтэй, шургуу, хариуцлагатай ажиллах цаг үе ирж байна гэлээ.



Мөн, иргэд АН-ыг дэмжсэн нь АН-ын хийж байгаа шинэчлэл өөрчлөлтийг ард түмэн дэмжиж, цаашид үргэлжлүүлэх хүсэл дүүрэн байгаа нь харагдаж байна. Э.Бат-Үүлээр ахлуулсан баг нийслэлийг богино хугацаанд яаж өөрчилж чаддагийг харж, энэ өөрчлөлт, шинэчлэл дүүрэг хороодод хүрээсэй гэсэндээ,  2008 онд Сүхбаатар аймагт АН олонх болж, өнгөрсөн дөрвөн жилд аймгийг аймаг шиг,аймгийн төвийг хот шиг болгосныг харж, АН ялчихвал аймаг бүрийг Сүхбаатар шиг болгох байх гэсэн  итгэлээр бидэнд санал өгсөн өгсөн гэж бодож байна гэсэн юм.



Нөгөө талаар маш их итгэл найдвар хүлээлгэж, шинэчлэлээ тууштай үргэлжлүүлээрэй, битгий эрч хүчээ алдаарай, орон нутагт дэмжих хүч бий болгож өглөө шүү, улам ихийг хийж бүтээгээрэй гэсэн том даалгавар өгч,  өнгөрсөн гурван сард зохион байгуулалттай ажиллаж болдог юм байна гэдгийг олж харсан, бас хариуцлагатай ажиллаарай, ингэвэл Монголд өөрчлөлт шинэчлэлт бий болж, сайхан цагийг хамт наашлуулах юм байна гэж дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байгаагаа АН-ын дарга хэллээ.


Түүнчлэн Ховд, Увс, Төв, Булган зэрэг өмнө нь ялалт байгуулж байгаагүй газар олонх болж байгаа нь ард түмэн итгэл өгч, энэ итгэлийг хүчин зүтгэл гаргаж  биелүүлэх даалгавар гэж ойлгохоос өөр аргагүй гэсэн юм.

 Б.Нар

Эх сурвалж: "gogo.mn"