sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. БНАСАУ-ын арилжааны нислэгийг сэргээхийг зорьсон Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүчин чармайлтад АНУ саад учруулж байна гэж “Ройтерс” агентлаг эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.
Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага нь БНАСАУ болон БНСУ–ын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх агаарын тээврийн шинэ чиглэлийг нээхэд нь БНАСАУ-ын эрх баригчдад дэмжлэг үзүүлж байжээ. БНАСАУ нь урьдчилан мэдэгдэлгүйгээр пуужин хөөргөж болзошгүй гэсэн үүднээс одоогоор бүс нутгийн агаарын тээврийн бүх чиглэлүүд Умард Солонгосын газар нутгаар дайралгүй тойрч явдаг аж. БНАСАУ-ын агаарын орон  зайг аюулгүй гэж хүлээн зөвшөөрвөл Ази, Европ, Хойд Америк хоорондын хэд хэдэн нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуд түлш болон цаг хугацаа хэмнэхээс гадна БНАСАУ арилжааны агаарын тээврийн салбарыг үүсгэн хөгжүүлэх боломжтой болох юм гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага нь цэргийн болон иргэний агаарын тээврийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж, энэ салбарыг сэргээхэд БНАСАУ-д дэмжлэг үзүүлэхэд бэлэн байжээ. Гэсэн хэдий ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд ихээхэн ахиц дэвшил гаргахаас нааш БНАСАУ-д тусламж үзүүлэхээс татгалзахыг АНУ Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын мэргэжилтнүүдэд ятгасан байна.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг