sonin.mn
МАДРИД. /BBC/. Каталоны салан тусгаарлах хөдөлгөөний удирдагчдийн хэргийг шүүх хурлын үеэр Барселона хотод томоохон хэмжээний жагсаал цуглаан болжээ. 
Энэхүү жагсаалд 200 мянга гаруй хүн оролцсон бөгөөд тэд шүүх хуралд оролцож байгаа Каталоны салан тусгаарлах санал асуулгыг зохион байгуулсан 12 удирдагчийг дэмжиж буйгаа илэрхийлж, Каталоны далбааг намируулсан байна.
Өнгөрсөн 10 дугаар сард тэд Каталон даяар тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулж, Испаниас салан тусгаарлах гэсэн оролдлого хийсэн боловч амжилтгүй болсон юм. Үүнтэй холбогдуулан тэдний хэргийг шүүх хурал Мадридын Дээд шүүхэд болсон билээ. Хэрвээ тэд гэм буруутай нь тогтоогдвол 25 жил хүртэлх хугацаагаар хоригдох ял шийтгүүлэх юм.
Каталоны тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга болсны дараа Испанийн эрх баригчид уг санал асуулгыг хууль бус гэж зарлан Каталоны бүс нутагт үндэсний Засгийн газар шууд хяналтыг тогтоожээ.
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг