sonin.mn
СӨҮЛ. /Xinhua/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт гар бие оролцоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хоёр улсын удирдагчид 35 орчим минутын турш утсаар ярьсан гэж БНСУ-ын Хөх ордноос мэдээлсэн байна.
АНУ болон БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд ямар арга зам, чиглэлээр хамтран ажиллах тухай тэд хэлэлцжээ.
Мүн Жэ Ин утсаар ярих үеэр, Солонгосын хойгт энх тайван тогтоох Д.Трампын дипломат хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, түүнийг сайшаан магтсан байна. Мөн тэрбээр АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт нь тус хоёр улсын харилцааг хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл хэрэг болон тус бүс нутагт энх тайван тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнам улсын нийслэл Ханой хотод болно. Хоёр удирдагчийн анхны уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон билээ. 
 
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг