sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Х.Баделхан өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийв.
 
Тэрбээр, "Ирэх сарын 01-нээс эхлэх Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг гурван жил байхаар хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулсан. Мөн шинэ цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг шатааж эрчим хүч гаргаж авах, бүтээн байгуулалтын 50 хувийг дотоодын компаниар хийлгэх юм. Түүнчлэн бүтээн байгуулалтад ажиллах хүчний 50 хувийг дотоодоос хангах төдийгүй ашиглалтад орсны дараа монголын мэргэжилтнүүдийг сургаж, байгууламжийг хүлээлгэн өгөх юм. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл одоогийн байгууламжийн лагийн үнэрийг дарах ажлыг өрнүүлэх юм. Тухайлбал, Үндэсний их баяр наадмаас өмнө хуучин цэвэрлэх байгууламжид  лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмж суурилуулах юм. Мөн Монгол, Японы хамтарсан компани лагийг боловсруулж, хар шороо болон бордоо хийж байна.  Энэ ондоо багтаад лагийн өмхий үнэрийг бүрэн дарна” гэлээ.
Мөн ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, хүүг бууруулах боломжтой эсэхийг тодруулахад, "Улсын хэмжээнд 40-50 мянган айлын орон сууц шинээр баригдаж байна. Мөн борлуулагдаагүй 5222 орон сууц байгаа юм. Улаанбаатар хотод 46 мянган иргэн урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн. Үүний дагуу ипотекийн зээлийн хүртээмжийг хоёр дахин нэмэх шийдвэрийг Засгийн газар ноднин гаргасан юм. Энэ жил 115 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар тусгасан байгаа. Түүнчлэн Монголбанк 200 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой. Одоогоор энэхүү зээлийн хүүг бууруулах боломжгүй. Харин эдийн засаг тогтворжиж, Монголбанк бодлогын хүүгээ бууруулбал энэ асуудлыг хөндөх боломжтой" гэсэн хариулт өгөв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг