sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Габриела Спирли Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд, Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн дарга, хатагтай Мариа Каррабио Гүчеттигийн баярын мэндчилгээг гардуулав.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Габриела Спирли, Үндэсний зөвлөлийн дарга хатагтай Мариа Каррабио Гүчетти нарт талархал илэрхийлэв.
 
Тэрбээр, "Монголд парламентын ардчиллыг хөгжүүлэхийн тулд шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглээд, энэ хүрээнд парламентын танхимд мэдлэг, баримт, тооцоо судалгаанд суурилсан эрүүл мэтгэлцээн өрнөдөг байх, хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлэх, төрийн аливаа мэдээ мэдээллийг онлайнаар буюу цахимаар шууд хүргэдэг байх дижитал засаглалд шилжих нь хойшлуулшгүй чухал зорилт болоод байна. Тиймээс парламентын ардчиллын арвин туршлагатай Европын орнууд болон Швейцарийн парламентаас суралцах зүйл их байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна" гэлээ.
Хатагтай Габриела Спирли хоёр улсын парламентын тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр Таны тавьсан хүсэлтболон бусад асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, хамтын ажиллагааны боломжоо тодотгоно гэдэгт итгэлтэй байна хэмээн тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн үр нөлөө, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо. Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газар 2007-2016 онд манай улсад хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаг захиргааны шинэтгэл, нутгийн удирдлага, иргэдийн оролцоо гэсэн 3 үндсэн чиглэлээр нийт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. 2016 онд ШХУ-ын парламентаар баталсан тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегид Монгол Улсыг хөгжлийн тусламжиндаа үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэсэн байна.
Хатагтай Габриела Спирли агаарын бохирдлоос хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагыг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Бэлчээрийн тухай болон бэлчээрийн төлбөрийн тухай хуулийн төслөөр Нээлттэй сонсголыг Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газартай хамтран явуулах санал тавьсныг судлан үзэхээ хатагтай Габриела Спирли илэрхийлэв.