sonin.mn
ТЕЛЬ-АВИВ. /AP/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентын сонгуулийн өмнө хэт барууны үзэл баримтлагч хоёр намыг нэгдэхэд ятгаж чаджээ. Тэрбээр сонгуулийн өмнөх кампанит ажлын явцад намуудад тулгарах саад бэрхшээлийг даван туулах боломжийг нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээ авсан аж.
Эрх баригч шинэ эвсэл байгуулах зорилгоор барууны үзэл баримтлагч шашны намуудыг нэгтгэх ажил нь Нетаньяхугийн ОХУ-д пүрэв гарагт хийхээр товлосон айлчлалаа хойшлуулсны “дотоод улс төрийн шалтгаан” болсон байх магадлалтай байна.
Түүний гаргасан хүчин чармайлтын үр дүнд “Еврейн ордон” болон "Оцма Йехудит" /Еврейн хүч/ нам дөрөвдүгээр сарын 9-нд болох сонгуульд хамтран оролцохоор болжээ. Тус хоёр нам сонгуульд тусдаа оролцвол Кнессет буюу парламентад суудал авахад шаардлагатай тооны санал авч чадахгүй болохыг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Барууны үзэл баримтлагчдын тархай бутархай байдлын улмаас Нетаньяху болон түүний “Ликуд” нам нэг төрлийн үзэл суртлын эвсэл байгуулахад төдийгүй эрх мэдлээ улс орны хэмжээнд хэвээр хадгалан авч үлдэхэд шаардагдах мандатыг авч чадахгүй байж болзошгүй гэж болгоомжилж буйгаа тэрбээр нууж хаалгүй мэдэгдсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг