АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ.
Хоёр орны удирдагчид Сирид болсон сүүлийн үйл явдлуудын талаар хэлэлцсэн бөгөөд терроризмын бүх хэлбэртэй шийдэмгий тэмцэнэ гэдгээ цохон тэмдэглэжээ. Эрдоган, Трамп нар мөн Сирийн улс төрийн үйл явцыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Хэлэлцээний явцад АНУ-ын цэргүүдийг Сириэс татах ажиллагааг "хоёр орны ашиг сонирхолд нийцүүлэн явуулах" тохиролцоонд хүрчээ.
АНУ-ын цэргүүдийг Сири улсаас гаргасны дараа тус улсын зүүн хойд нутагт цэрэггүй бүс байгуулах асуудлаар Турк улстай хэлэлцээ хийж байгаа талаар АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Роберт Палладино өмнө нь мэдээлсэн байна.
Сири улсаас цэргээ татах шийдвэр гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд мэдэгдсэн билээ. Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг ялсан бөгөөд энэ бол Америкийн цэргүүд тус улсад байсны цорын ганц зорилго байсан гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0