sonin.mn
МЕХИКО. /РИА Новости/. Өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо улс оронд хүмүүнлэгийн тусламж хүргэхийг зөвшөөрөх тухай ерөнхийлөгчийн 001 дугаартай анхныхаа захирамжид гарын үсэг зуржээ.
“Боливарын Үндэсний Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Венесуэлийн нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх зөвшөөрлийг олгож байгаагаа баталж байгаа бөгөөд энэхүү зааврын дагуу ажиллахыг Зэвсэгт  хүчний тусгай анги салбаруудад үүрэг болгож байна” хэмээн тус баримт бичигт дурдсаныг Гуйдо “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Венесуэлийн нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг Николас Мадурогийн Засгийн газар эсэргүүцэж байсан бол сөрөг хүчний хяналтад байдаг Венесуэлийн парламент өнгөрсөн мягмар гарагт зөвшөөрсөн юм. Хүмүүнлэгийн тусламжийг ирэх бямба гарагт нийлүүлж эхлэхээр төлөвлөөд байна.
Түүнчлэн Х.Гуайдо Холбооны Бүгд Найрамдах Бразил улстай залгаа хуурай газрын хилийг хаах тухай Н.Мадурогийн захирамжийг цуцалжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг