sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын XX их хурал энэ сарын 28-нд болно. Уг хурлаар хэлэлцэх асуудал болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус танхимаас хэрэгжүүлсэн томоохон ажлын талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.
 
-МҮХАҮТ-ын Их хурал энэ сарын 28-нд болно. Их хурлаар ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна вэ?
 
-Монгол Улсад бие даасан хуультай гурван ТББ-ын нэг нь болох МҮХАҮТ эдүгээ 59 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Танхимын дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийж, нийт гишүүндээ үйл ажиллагааныхаа тайланг тавьж Удирдах дээд байгууллагаа сонгодог. Энэ удаагийн Их хурлаар танхимын дүрэмд өөрчлөлт оруулж батална. Их хуралд нийслэл болон хөдөө орон нутгаас 500 гаруй төлөөлөгч оролцоно.
 
-Та МҮХАҮТ-ын даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд Монголын бизнесийн орчинд гарсан томоохон өөрчлөлтөөс онцолно уу?
 
-Миний бие 4 жилийн өмнө МҮХАҮТ-ын даргын үүрэгт ажлыг хүлээн авч ажилласан. МҮХАҮТ нь бизнесийн гол төлөөллийн байгууллагын хувьд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, бодлогын өмгөөлөл,бизнесийг дэмжин урамшуулах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хооронд гүүр нь болж ажиллаж ирлээ. Мөн танхимын үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн төлөө анхаарлаа хандуулж ажиллаа. Тухайлбал, Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрлах Олон улсын худалдааны төв /ITC/-өөр  МҮХАҮТ-ын  үйл ажиллагаанд үнэлгээ хийлгүүлсний үндсэн дээр танхимын засаглал болон байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтад шинэчлэл хийсэн. Үүнээс гадна чанарын удирдлагын менежментийн ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлснээр Швейцарийн нэр хүндтэй SGS баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээг хүлээн авлаа. Ингэснээр МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдэд үзүүлдэг үйлчилгээний чанар, үр  өгөөж дээшилж ажилтнуудын ажлын бүтээмж нэмэгдэх зэрэг олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагааны үндсэн суурь бий болсон . Мөн KPI, GreenHR, CRM зэрэг системийг нэвтрүүлж байна. Олон улсын хэмжээнд цөөн хэдхэн танхим ISO9001:2015-ыг хэрэгжүүлсэн байдаг. МҮХАҮТ-ын нийт ажилтны хичээнгүй зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд Монгол улсад  ISO9001:2015-ыг хэрэгжүүлсэн анхны ТББ боллоо.
 
МҮХАҮТ нь төр засагтай цаашид үр дүнтэй хамтран ажиллах ямар боломж байна вэ?
 
-Цаашид Засгийн газар, УИХ-аас батлах хуулийн төслүүд дээр танхимын зүгээс бизнес эрхлэгчдийгээ төлөөлөн идэвхтэй хамтарч ажиллана. Мөн төрийн зарим чиг үүргийг МҮХАҮТ-аар гүйцэтгүүлэх нь ААН болон бизнес эрхлэгчдэд илүү үр өгөөжтэй байх болно. Жишээлбэл шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжийг бүртгэх, гэрчилгээ олгох ажлыг тодорхой санхүүжилттэйгээр МҮХАҮТ-д шилжүүлэх. Ингэснээр компаниудыг зөвхөн бүртгээд зогсохгүй тэдгээрийг чадавхжуулах, мэдээллээр хангах, бүх талаар дэмжин урамшуулах зэрэг боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, компаныг бүртгэхээс эхлээд бойжуулах бүрэн чадамж МҮХАҮТ-д бий.
 
-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг боловсруулахад МҮХАҮТ идэвхтэй оролцсон. Энэ хуулийн төсөлд МҮХАҮТ-ын санал хэр тусгалаа олсон гэж үзэж байна вэ?
 
-Татварын багц хуулийн төсөл дээр Танхим нь Засгийн газар, УИХ-аас байгуулсан ажлын хэсгүүдтэй нягт хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж гарсан саналыг нь бодлого боловсруулагчдад хүргүүлж ажиллаа. Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлэгч татвар төлөгчдөд төрөөс үзүүлж буй үйлчилгээг сайжруулж, хүнд суртал, дарамтыг багасгах, татварын тайлагналтыг хөнгөвчлөх зэрэг тодорхой саналыг тусгуулсан. Дөнгөж бизнесээ эхэлж буй аж ахуйн нэгж томоохон групп компанитай ижил системээр тайлангаа гаргахад хүнд байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжийн татварын тайлангийн хялбаршуулсан маягтыг гаргалаа. Аж ахуйн нэгжүүд www.barimt.mn , www.etax.mn зэрэг цахим системийг ашиглан татварын тайлангаа гаргахад илүү хялбар боллоо. Түүнчлэн төр татвар нэмэх бус татварын бааз суурийг өргөтгөхөд анхаарч ажиллах хэрэгтэй. Татвар төлдөггүй олон иргэн, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчид бий. Малчид хүртэл хөдөө аж ахуйн бизнес эрхэлж байгаа гэдэг утгаараа татвар төлөх нь зөв. Зөвхөн шударгаар татвараа төлдөг аж ахуйн нэгжүүд гол ачааг үүрээд, бусад нь нуугддаг шударга бус байдлыг халснаар татварын бааз суурь өргөжинө.
 
Нөгөө талаас Татварын багц хуулийг батлахад ихээхэн хугацаа алдаж байна. Энэ хуулийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн НӨАТ, Аудит, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамт явуулах ёстой байсан. Мөн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуультай уялдуулж,  борлуулалтын орлого, ажилчдын тоо зэргээс хамаарч  бичил болон жижиг, дунд аж ахуйн нэгжийн ангиллыг тодорхойлон, эдгээр ААН-д таарсан татварын болон бусад  хөнгөлөлтийг тодорхойлох нь зөв. Эдгээр саналыг Засгийн газар, УИХ болон УИХ-ын 76 гишүүнд нэг бүрчлэн хүргүүлсэн.  Мөн МҮХАҮТ-аас төрийн байгууллагаас бизнес эрхлэгчид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүнд суртлын судалгааг хийж үр дүнг Засгийн газрын зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсэгт хүргүүллээ. Энэ үнэлгээний ач холбогдол нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах,  алдаа дутагдал, хүнд суртлыг арилгахад оршино .
 
-Монголын эдийн засаг 10 жилийн дараа 2-3 дахин өсөх магадлалтай гэдгийг эдийн засагчид “Татварын багц хуулийн танилцуулах хэлэлцүүлэг”-ийн үеэр онцолж байсан?
 
-Өнгөрсөн онд Монгол улсын гадаад худалдааны эргэлт 13 тэрбум ам.долларт хүрлээ. Үүний 7 тэрбумыг экспорт эзэлж байна. Гэхдээ экспортын ихэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэж байна. Монгол улсын хөгжлийн бодлогын гол зорилт нь эдийн засгийг солонгоруулан хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Үүний тулд төр тогтвортой байж, хууль, эрхзүйн таатай орчныг бүрдүүлж чадвал дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, технологийн шинэчлэл хийснээр макро эдийн засгийн үзүүлэлт цаашид ч өсөх боломжтой юм. Бид хэрэглэгч орноос, үйлдвэрлэгч орон болохын тулд нэн тэргүүнд импортыг багасгаж, өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Одоохондоо технологи, тоног төхөөрөмжийг гаднаас авахаас өөр аргагүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа үйлдвэрлэгч орон болно гэсэн алсын хараатай урт хугацааны төлөвлөгөөтэй, тогтвортой, нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй. Өнгөрсөн жилийн эдийн засгийн үзүүлэлтийг харахад хөрөнгө оруулалт сэргэж байгаа ч хангалттай биш байна. Монгол улс аль болох гадны хөрөнгө оруулалтыг татаж, шинэ техник технологи нэвтрүүлэн үйлдвэрээ хөгжүүлж, ажлын байр олноор бий болгох нь чухал. Бид социализмын үед дотооддоо гутлаа үйлдвэрлэж байсан. Одоо тухайн үед ажиллаж байсан хүний нөөцдөө тулгуурлан гутлаа үйлдвэрлэх боломж бий. Үүний тулд арьс шир боловсруулах Итали, Испани, Туркийн технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ салбарын түүхий эд Монголд бэлэн байгаа. Түүхий эд бэлэн байна гэдэг нь үйлдвэрлэл хөгжих гол суурь юм. Цаашдаа малаа эрүүлжүүлэх, малчдаа хариуцлагажуулах, түүхий эдээ зөвхөн дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлдэг, түүнийг нь татварын бодлогоор дэмжих зэрэг нэмүү өртөг шингээх сүлжээг бий болгох нь чухал. Одоогоор МҮХАҮТ, ХБНГУ-ын танхимтай хамтран Архангай, Увс аймагт ноос болон чацарганд нэмүү өртөг шингээх төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн Европын холбооны дэмжлэгтэй таван салбарт нэмүү өртгийн сүлжээ бий болгох, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах “ТРАМ” төсөл хэрэгжүүлж байна.  Солонгосын томоохон аж ахуйн нэгжүүд бренд бүтээгдэхүүнийхээ түүхий эд, технологи зэрэг бүхий л жижиг зүйлсийг дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдээрээ хийлгэдэг. Өөрөөр хэлбэл, том компаниуд жижиг үйлдвэрүүдээ дэмжих нь Солонгосын хөгжлийн загвар. Байгалийн баялаггүй улс ингэж хөгжиж байхад Монгол Улсад ямар их боломж байгааг үүнээс харж болно. Гол нь зөв менежмент хэрэгжүүлж, эрдэмтэн, мэргэдийн судалгаа, бизнес эрхлэгчдийн санаа бодол, төрөөс явуулах оновчтой, зөв бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх нь чухал юм.  Ардчилсан хувьсгалын дараагаас хөгжиж эхэлсэн Монголын хувийн хэвшил богино хугацаанд том амжилтад хүрсэн. Цаашдаа төр нь хувийн хэвшлээ зөв бодлогоор дэмжиж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд нь санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлэх гэх мэт цогц бодлого хэрэгжүүлвэл илүү их үр дүнд хүрнэ.
 
-Татварын таатай орчныг бүрдүүлэхэд хамгийн түрүүнд ямар асуудал тулгарч байна вэ?
 
-Зөрчлийн хуулинд аж ААН-ийн эрх ашгийг хөндсөн сөрөг заалтууд олон байна. Жишээ нь татварын тайланг хугацаа хоцроосон тохиолдолд торгох заалт оруулсан. Ер нь бол төр торгох, шүүхээр шийтгэх, албадах бус эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, компаниудынхаа чадамжийг зөв үнэлж байх нь чухал. Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан компани жижиг санхүүгийн асуудлаас үүдэн тайлангаа цөөн хоног хоцрооход гэмт хэрэгтэн болж, торгуулж байгаа нь ААН-д дарамт болж байна.
 
-МҮХАҮТ-ыг олон улсын хэмжээнд хэрхэн ажиллаж байна вэ?
 
-МҮХАҮТ-ын гадаад харилцаа сүүлийн 4 жилд эрчимтэй хөгжлөө. Олон улсын худалдааны танхим (ОУХТ)-д дэлхийн 124 орны 1126 танхим гишүүнчлэлтэй байдаг. МҮХАҮТ  нь энэ байгууллагын гишүүн юм. Өнгөрсөн онд миний бие ОУХТ-ын  Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Түүнчлэн Ази, Номхон далайн танхимуудын холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж буй БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулахаар Төрийн тэргүүнүүд хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд гурван орны худалдааны танхимын үүрэг чухал юм. Торгоны замын олон улсын танхимын нэг үүсгэн байгуулагч нь МҮХАҮТ юм. Би энэ байгууллагын Дэд ерөнхийлөгчийн албыг мөн хашиж ажиллаж байгаа. Уг танхимыг анх 20 орон нэгдэж үүсгэн байгуулж байсан бол эдүгээ 91 орон нэгдэн орсон олон улсад нөлөө бүхий том хэмжээний  байгууллага болон өргөжсөн.  МҮХАҮТ-ын нэр хүнд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд өсөж байгаа. Түүнчлэн миний бие Испанийн вант улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консулаар 17 дахь жилдээ ажиллаж байна.
 
-Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд нийлүүлэх төсөл хэрэгжиж байна уу?
 
-Монголд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хоёр том төсөл хэрэгжиж байгаа. Тухайлбал, Дэлхийн банкны 20 сая ам.долларын санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл” Сангийн яаман дээр хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд зээл олгон дэмжиж байна.  МҮХАҮТ дээр Европын холбооны дөрвөн сая еврогийн санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдийн чадавхыг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд органик гоо сайхан, чацаргана, арьс шир, ноос ноолууран зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэмүү өртгийн сүлжээ бий болгохоор ажиллаж байна. Мөн бараа бүтээгдэхүүнээ экспортлох явц, бүрдүүлэх бичиг баримт,зарцуулах цаг хугацааг тодорхойлсон “Экспортын замын зураглал” гарын авлага гаргалаа.
 
-МҮХАҮТ-ын дэргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан. Энэ төв аж ахуйн нэгжүүдэд ямар үйлчилгээ хүргэж байна вэ?
 
-МҮХАҮТ-д бусад орны худалдааны танхим, худалдааг дэмжих байгууллагаас бизнесийн олон санал ирдэг. Энэ бүх санал, гадны орны зах зээл, бүтээгдэхүүнийг нэгтгэсэн каталоги нэг цэгийн үйлчилгээнд төвлөрч байгаа. Түүнчлэн бизнесийн холбогдолтой  хуулиудын талаар мэдээлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөгөө өгөн, сургалт зохион байгуулах, мэргэжлийн боловсролын байгуулагуудтай компаниудыг холбох зэрэг үйлчилгээ үзүүлж байна.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг