sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. Манай улс 5G төдийгүй 6G технологийг аль болох хурдан нэвтрүүлэхгүй бол өрсөлдөгчдөөсөө хоцрох болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
"АНУ-д 5G төдийгүй 6G технологи даруй нэвтрээсэй гэж би хүсч байна. 5G болон 6G сүлжээ нь одоогийн стандартаас илүү өндөр хурдтай, хүчин чадалтай сүлжээ юм. Америкийн компаниуд энэ технологиудыг хөгжүүлэхэд тавьж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлэхгүй бол хоцрогдох болно. Бид хийж буй бүх зүйлдээ ялангуяа технологийн ертөнцөд тэргүүлэгч нь байх ёстой” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
“The Wall Street Journal” сонины мэдээлснээр, одоогоор дэлхийд тэргүүлэгч “5G” сүлжээг дэмжих технологийг нийлүүлэгч нь Хятадын “Huawei” компани аж. 5 дугаар үеийн хөдөлгөөнт холбооны системийг Европт нэвтрүүлэхэд “Huawei” компани гол үүрэг гүйцэтгэнэ гэж Европын Холбооны хэд хэдэн улс үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч “Huawei” компанийг техникийн тагнуул хийсэн, нууц мэдээлэл цуглуулсан хэрэгт АНУ болон Австрали улс буруутгасантай холбоотойгоор тус компани эдийн засгийн хориг арга хэмжээнд орох аюултай байгаа юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг