sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Шинжээчид хэдийнэ “Ойрхи Дорнодын НАТО” гэж нэрлэсэн Ойрхи Дорнодын стратегийн эвсэл байгуулах тухай зөвлөгөөн АНУ-ын Вашингтон хотноо болсон байна. Тус зөвлөгөөнд Персийн булангийн зургаан орон, Иордан, Египет болон Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн төлөөлөгчид оролцжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн алба мэдээлэв.
“Эвслийн батлан хамгаалах зорилго нь тус эвслийн гишүүн орнуудын болоод бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах, хөгжил цэцэглэлтийг дэмжих юм. Өнөөдрийн зөвлөгөөнөөр эвслийн стратегийн бодлогыг тодорхойлох асуудлаар санал бодлоо солилцож, улс төрийн сэдвүүд, аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцлээ” гэж мэдээлэлд дурджээ.
АНУ-ын санаачилгаар байгуулах гэж буй “Арабын НАТО”-гийн бүрэлдэхүүнд Персийн булангийн зургаан орон /Бахрейн, Катар, Кувейт, АНЭУ, Оман, Саудын Араб/, мөн Египет болон Иордан улсыг оруулахаар төлөвлөж байгаа аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нэгдүгээр сарын дундуур эдгээр улсад айлчилж, удирдагчидтай нь хэлэлцээ хийсэн байна. Түүний айлчлалын гол зорилгуудын нэг нь эвсэл байгуулах талаар найман улстай байр сууриа ойртуулах байв. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг