sonin.mn
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечески өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Клеческийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзаад, дипломат харилцаа тогтоосноос хойшх 30 жилийн хугацаанд АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд нар тууштай, идэвхтэй ажиллаж ирсэн жишгээр тэдний үйл ажиллагааг үргэлжүүлж, тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
 
Мөн ноён Элчин сайд Клечески Монгол Улсад суух Элчин сайдаар ирж байгаа нь нэр төрийн хэрэг гээд ардчиллын баянбүрд болсон Монгол Улстай бий болсон бат бэх харилцааг цаашид улам батжуулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад захидал явуулж, захидалдаа Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох болоод Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэх, эмэгтэйчүүдийн ажлын байр бий болох асуудлыг тусгасан нь өдгөө ажил хэрэг болж байгаа талаар ярьж, АНУ-ын Конгресст өргөн баригдсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тууштай дэмжиж өгөхийг хүслээ.
Мөн сэргээгдэх эрчим хүч болоод зарим салбарын хамтын ажиллагааны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр, сууриа илэрхийлж, ярилцсанд ноён Элчин сайд талархал илэрхийлээд яригдсан асуудлуудын хүрээнд ажил хэрэгч хандаж, ялангуяа эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх нөөц бий гэж харж байгаа тул бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.