sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. БНХАУ болон АНУ хооронд үүссэн худалдааны маргааныг шийдвэрлэх өндөр дээд түвшний шинэ яриа хэлэлцээ пүрэв гарагт  АНУ-ын нийслэл Вашингтон хотод эхэлжээ.
Хоёр өдрийн яриа хэлэлцээнд БНХАУ-ын талаас Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ, АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон Сангийн сайд Стивен Мнучин оролцож байна.
Хоёр улсын хооронд үүссэн худалдааны маргааныг шийдвэрлэх хугацаа 3 дугаар сарын 1-нд дуусч байгаа бөгөөд төлөөлөгчид энэ удаагийн хэлэлцээгээр худалдаа, эдийн засгийн асуудлуудын талаар эрчимтэй хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх зорилготой байгаа юм. 
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон хэлэлцээгээр талууд гол асуудлуудыг зарчмын хувьд хэлэлцэж, зөвшилцөлд хүрсэн бөгөөд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулжээ.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд хоёр улс импортын бараандаа их хэмжээний татварыг харилцан ногдуулаад байгаа юм. Өнгөрсөн оны 12-р сарын 1-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар худалдааны маргааныг харилцан ашигтайгаар шийдвэрлэх зорилгоор ээлжит татвар ногдуулах хугацааг 90 хоногоор хойшлуулахаар тохиролцжээ.
Үүний зэрэгцээ энэхүү худалдааны маргаан нь хоёр улсын худалдаа, эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаагаас гадна дэлхийн эдийн засаг, олон улсын зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгээд байгаа юм.
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг