sonin.mn
КАИР. /AP/. Цагаачлалын асуудлаар хэлэлцэх Араб болон Европын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт Египетийн Шарм-эль-Шейх хотноо өнгөрсөн ням гарагт эхэлжээ.
Арабын Лиг болон Европын Холбооны удирдагчдын энэхүү уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм. Уулзалтад оролцогчдын дунд Саудын Арабын хаан Салман болон Германы канцлер Ангела Меркель нар багтаж байна.
Дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолын үеэр Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси дүрвэгч, цагаач иргэдийг асуудал хэмээн үзэхгүй байхыг талуудад уриалаад, үүний оронд ажиллах хүчний илүүдэлтэй Арабын бүс нутаг болон ажиллах хүчний хэрэгцээ шаардлага үүсээд буй Европын орнуудын хамтран ажиллах боломж гэж харахыг хүсжээ.
Ойрхи Дорнод болон хойд Африкаас Европыг зорих дүрвэгч, цагаач иргэдийн тоо 2015 онд нэг сая давж, дээд цэгтээ хүрсэний дараа аажмаар буурсаар байгаа юм. Гэсэн хэдий ч энэ он гарсаар 9 мянга гаруй цагаач иргэн Европод хэдийнэ очсон тухай НҮБ-аас мэдээлсэн байна.
Уулзалтын хөтөлбөрт терроризмтэй тэмцэх хийгээд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг сэдэв мөн багтаж байгаа ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг