sonin.mn
ХАНОЙ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун мягмар гарагт хуягт гал тэргээрээ Вьетнам-Хятадын хилээр нэвтэрч Донгданг өртөөн дээр ирсэн тухай ТАСС агентлагийн сурвалжлагч Ханой хот дахь БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төвөөс мэдээллээ.
Төмөр замын өртөөн дээр түүнийг Лангшон мужийн эрх баригчид хүндэт харуулын хамт хүндэтгэн угтан авсан байна.
Тусгай шат суурилуулж, улаан хивс дэвссэн Донгданг өртөөний төмөр замын тавцан дээр Ким Жөн Уныг Вьетнамын Засгийн газрын тамгын газрын дарга Май Тиен Зунг угтан авсан бол хүндэт зочдыг төмөр замын буудлаас гарахад БНАСАУ-ын төрийн далбааг барьсан сургуулийн сурагчид болон дотоод, гадаадын 100 гаруй сэтгүүлч хүлээж байв. Тэд Донгданг өртөөн дээр шөнийг өнгөрүүлжээ.
Ким Жөн Ун “Mercedes Pulllman” машинд сууж, Ханой хотын зүг хөдөлсөн байна. БНАСАУ-ын удирдагч энгийн хар хүрэм өмссөн байжээ.
Ханой хотод одоогийн байдлаар БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажил дуусаж байна. Тэд энэ сарын 27, 28-нд уулзана. АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон бөгөөд хоёр орны удирдагчид хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Түүнд Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол үүний хариуд Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгосон билээ. Харин хоёр дахь дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийн байдлыг зохицуулахад хоёр орон илүү тодорхой алхамууд хийх тохиролцоонд хүрэх төлөвтэй байна.  
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг