sonin.mn
ТЕХРАН. /IRNA/. “Иран-Сирийн харилцаа ахан дүүсийн холбоо, эв нэгдэлд тулгуурладаг” гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани тус улсад айлчилж буй Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзах үеэрээ хэлжээ.
“Террористуудын эсрэг явуулж буй Сирийн Засгийн газрын тэмцэл үр дүнтэй байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэж Х.Рухани онцлон тэмдэглээд, "терроризмтой тэмцэх үйлсэд Лалын Бүгд Найрамдах Иран Улс үргэлж Сирийн талд зогссоор ирсэн боловч энэ үйл хэрэгт гар бие оролцох хүчин чармайлт гаргаж байгаагүй" гэжээ.
“Сирийг сэрээн босгох үйл хэрэгт Иран улс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж Ираны удирдагч мөн мэдэгдээд, улс орны нөхцөл байдлыг тогтворжуулж, дүрвэгсдийг эх орондоо буцаан ирүүлэхэд Сиритэй ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
“Соёл хийгээд шашны нийтлэг чиг хандлага нь манай хоёр улсын чухал холбоо бөгөөд хоёр талын харилцаа ахан дүүсийн холбоо болон эв нэгдэлд тулгуурладаг” гэж Х.Рухани хэлжээ.
Аз болоход, саяхан Сочи хотноо болсон Иран, ОХУ, Туркийн удирдагчдын уулзалтын үеэр Сирийн газар нутгийн нэгдмэл байдлыг хамгаалахад гол анхаарлаа хандуулж, Сирийн зөвшөөрөлгүйгээр тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хүчнүүдийг зэмлэн буруушаасан нь бүс нутаг дахь олон талт хамтын ажиллагааны нөхцөл байдал сайжрахад нөлөөллөө гэж тэрбээр хэлсэн байна.
Үүний хариуд Б.Асад хэлэхдээ, терроризмтой тэмцэхэд үзүүлж буй таны, Ираны Засгийн газрын, танай ард түмний дэмжлэгт Сирийн Засгийн газар болон ард түмэн үргэлж талархаж явдаг хэмээгээд, “Би талархлаа илэрхийлэхээр Техранд ирсэн” гэжээ.
“Өнгөрсөн үетэй харьцуулахад Сири улсын нөхцөл байдал тогтворжоод байна” гэж Б.Асад мэдэгдсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг